Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооны санхүүжилттэй Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран өнөөдөр (2026.02.27) “Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдэвт хамтарсан уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Л.Өлзийжаргал, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Мэдээллийн төвийн дарга Б.Баттүвшин, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд, төслийн зохицуулагч Б.Баясгалан, Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, доктор Ц.Оюунтунгалаг, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч болон сэтгүүлчдийн төлөөлөл, Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцов.






Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нар уулзалтыг нээж, нийгэмд зөв мэдээллийг түгээх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангахад тулгарч буй асуудлуудыг оролцогчид нээлттэй ярилцаж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, хамтран ажиллахыг хүслээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Л.Өлзийжаргал “Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх” сэдвээр мэдээлэл танилцуулав.








Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд шүүхийн мэдээлэл ил тод болж байгаа ч мэдээллээ олон нийтэд ойлгомжтой, хурдан шуурхай хүргэхэд анхаарах, шүүх хуралдааны шууд дамжуулалтыг дэлгэцээр бус технологийн өндөр түвшинд түгээж, тоног төхөөрөмжөө сайжруулах, шийдвэрийн болон процессын тоймоо энгийн үг хэллэгээр бичих, олны анхаарал татсан хэргийн талаар албан бус мэдээлэл түгэхээс сэргийлж, цаг алдалгүй тайлбар мэдээлэл гаргадаг байх, шүүхийн шийдвэрийг цахим санд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулах зэрэг асуудлуудыг дэвшүүлж, саналаа хэллээ.



Шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох журмуудад өөрчлөлт оруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулж, шүүхийн шийдвэрийн тоймыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх, мэдээллийг шуурхай өгөх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтов.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ