Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар өнөөдөр (2026.03.09) Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецки, богино хугацааны зөвлөх, доктор, профессор Томас Фёльцке нарыг хүлээн авч уулзав.  

 

Зөвлөх Томас Фёльцке Монгол Улсын шүүгчийг шилж сонгох, томилох тогтолцоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ хийх зорилготой ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуульч болон шүүгчдийг бэлтгэх, сонгож томилох тогтолцооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгөв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах Монгол Улсад эрх зүйч бэлтгэх боловсролын тогтолцоо, хуульчийн мэргэжлийн шалгалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шүүгчээр томилогдоход тавигдах хууль зүйн болон мэргэжлийн шаардлагын талаар мэдээлэл танилцуулав.

 

Уулзалтаар талууд хуульчийн мэргэжлийн шалгалт болон мэргэжлийн ур чадвар, стандартыг тодорхойлох арга зүй, шүүхийн хүний нөөцийн бодлого, шүүгчийн сонгон шалгаруулалтын систем, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуульч, шүүгч бэлтгэх тогтолцооны ижил болон ялгаатай байдлын талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцов.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ