“Хэвлэл мэдээллийн зөвлөл” НҮТББ санаачлан, Ханнс-Зайделийн сан, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран “Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрах “Монгол Улсад хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо ба Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тухай” сэдвээр илтгэл тавьж, хүүхэд холбогдсон хэргийг шийдвэрлэх эрх зүйн орчин, дагнасан шүүхийн зорилго, шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд баримтлах үндсэн зарчмуудыг танилцуулав.

 

 

Мөн Эрүүгийн эрх зүй криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Х.Буянбат, М.Билгүүн нар “Дагнасан шүүхийн хэрэгцээ шаардлага, практик туршлага, сургамж”,  Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Ц.Оюунтунгалаг “Шүүхийн мэдээллийг  олон нийтэд ёс зүйтэй  хүргэх нь: шүүх ба  хэвлэл мэдээллийн  хамтын ажиллагаа”, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Мэдээлэх эрх ба хамгаалах үүрэг: Хүүхэд холбогдсон хэргийн сэтгүүл зүй дэх хил хязгаар”, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал Б.Амаржаргал “Хоёр дахь боломж: Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээ ба сорилт, тэдний бодит нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Хүүхэд холбогдсон хэргийг олон нийтэд хүргэхдээ хүүхдийн эрх, хувийн нууцлал, нэр төрийг хамгаалах зарчмыг чанд мөрдөх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс зүйн хил хязгаар, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны өнөөгийн байдал, олон улсын сайн туршлагын талаар оролцогчид санал солилцлоо.

 

 

 

 

Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагуудын төлөөлөл салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, мэдээлэл солилцох механизмыг сайжруулан, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэн өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн насанд хүрээгүй хүн холбогдсон хэргийн талаар олон нийтэд мэдээлэхдээ мэргэжлийн байгууллагууд нэгдсэн ойлголт, хариуцлагатай байр суурьтай ажиллаж, цаашид энэ чиглэлээр хамтарсан арга хэмжээ, зөвлөмж, сургалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр тогтов.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ