Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од болон Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, шүүхийн салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик мэдээлэл, хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Шүүхийн ахмадын холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөгчид уулзалтыг зохион байгуулж, хүлээн авч уулзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагад талархал илэрхийлэв. Тэд “Шүүхийн ахмадын холбоо”-г тогтмол дэмжиж, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж ирсэнд баярлаж буйгаа онцлон тэмдэглээд, цаашид шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ