Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов, Тамгын газрын дарга М.Нямсүрэн болон шүүгчдийн төлөөлөл өнөөдөр (2026.04.22) Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нартай албан уулзалт хийв.

 

 

Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Б.Дашдондов Монгол Улсад шүүгчийн ажил мэргэжлийн замналд тулгарч буй асуудал, сорилтуудыг танилцуулж, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Мөн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Гантуяа шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагааны онцлог, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын талаар танилцуулга хийлээ.

 

 

 

Үүний дараа төслийн зөвлөхүүдийн тавьсан асуултын хүрээнд Ерөнхий шүүгч болон шүүхийн Тамгын газрын даргын эрх, үүрэг, ажлын уялдаа, шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

 

 

Түүнчлэн төслийн зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад шүүгч бэлтгэх тогтолцоо, тавигдах шалгуур шаардлага, улсын нэгдүгээр болон хоёрдугаар шатны шалгалтын онцлог, Ерөнхий шүүгчийн чиг үүрэг, шүүгчийн үйл ажиллагааны үнэлгээ болон туршилтын хугацааны талаар мэдээлэл өгч, шүүгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан туршлага солилцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ