Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран “Монгол Улсын шүүхийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон анхан болон давж заалдах шатны 21 шүүхийн Тамгын газрын дарга нар оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: “Твиннинг” төсөл нь Монгол Улсын шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, ил тод, хариуцлагатай, үр ашигтай болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, онолын мэдлэгээс гадна бодит хэрэгжилтэд суурилсан практик өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготойг дурдлаа.

Сургалтаар шүүхийн байгууллагын давуу болон сул талыг тодорхойлох, сайжруулах санал зөвлөмж боловсруулах, шүүгч болон шүүхийн захиргааны удирдах ажилтнуудын уялдаа холбоо, харилцаа, манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн ажил үүргийн уян хатан хуваарилалт, мэргэшил, ажлын ачааллыг оновчтой зохицуулах, шийдвэр гаргалтын процессыг сайжруулах боломжуудыг тодорхойлон ярилцав.
Сургалтыг ХБНГУ-ын Умард-Райн Вестфален мужийн Эссен хот дахь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан К.Х.Волески, мөн тус шүүхийн Тамгын газрын дарга К.Брухштайнер нар удирдан явуулж, ХБНГУ-ын шүүхийн сайн туршлага, тухайлбал процесс оновчлол, хялбаршуулан шийдвэрлэх механизм, өр төлбөр барагдуулах журам зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцов.

Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нартай “Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, манлайлал ба анхаарах асуудал” сэдвээр уулзалт зохион байгуулж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхойлж, мэдээлэл өгснөөр сургалт өндөрлөв.
Энэхүү сургалт нь Монгол Улсын шүүхийн дотоод үйл ажиллагааг сайжруулах, удирдлагын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР