Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу нар өнөөдөр (2026.05.15) Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсронгуй болгох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй санал солилцох хэлэлцүүлэгт  оролцов.

 

 

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, мэргэжилтэн Б.Баярбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батцэцэг, Д.Энхжаргал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, Г.Урангуа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон болон ажлын хэсгийн гишүүд оролцов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул хуулийн төслийн танилцуулгыг хийв.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэний хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувь хангалтгүй түвшинд байгааг тэмдэглэж, үүнд нөлөөлж буй эрх зүйн болон практик хүндрэл, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

 

 

Мөн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, олон улсын сайн туршлага, төлбөр төлөгчтэй холбоотой зохицуулалт, дуудлага худалдааны ажиллагаа, төлбөр барагдуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлд тусгах саналаа нарийвчлан боловсруулж, дараагийн уулзалтаар үргэлжлүүлэхээр боллоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ