Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нар өнөөдөр (2026.05.19) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн шинжээч Томас Веннен, Нана Кинг нарыг хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын хууль хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буйг дурдаад, шүүхийн цахимжуулалтыг боловсронгуй болгоход дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн тэрбээр тус чиглэлүүдээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн шинжээчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааны өнөөг хүртэлх ололт амжилтыг тэмдэглээд, цаашид тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах салбар, чиглэлийн талаар тодруулж, санал солилцлоо. Талууд  шүүхийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, Шүүхийн хараат бус байдлыг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхээр үйлчлүүлэх, эрхээ хамгаалуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлоод, шүүхийн цахимжуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

 

Уулзалтад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа, ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар байлцлаа.

 

 ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР