Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны ээлжит 18 дугаар  хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. "Цахим шүүх 2.0" цөм системийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршин нэвтрүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай тогтоолын дагуу туршилтаар хийгдсэн ажлуудын явц (танхим, цахим сургалт, шүүхүүд дээр ажилласан байдал, 27 шүүхэд томилолтоор ажилласан үр дүн, сайжруулалтаар ирсэн саналуудын шийдвэрлэлтийн тойм, дэмжлэг үйлчилгээний тайлан), 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Туршилтын үйл ажиллагаанд шүүх талаас 34 анхан шатны шүүх; 22 давж заалдах шатны шүүх; 257 шүүгч; 514 шүүгчийн туслах; 66 мэдээлэл лавлагааны ажилтан; 57 мэдээлэл технологийн мэргэжилтэн оролцсон байна.

 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.9 дэх заалт /шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн./, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг /Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр, бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тоолно./, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг /Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно./ -т заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалт /шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан/-ад, заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Долоонжингийн Батхуяг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хаан даатгал” ХХК-тай байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон тул даатгалын гэрээг дүгнэх тухай танилцуулгыг хуралдаанаар хэлэлцүүлэв. Мөн Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 5.9-т “Даатгагч даатгалын нэг жилийн хураамжаас үлдсэн хэмжээний 5 хувьтай тэнцэх хэмжээгээр даатгуулагчдад гадаад болон дотоодын эрүүл мэндийн байгууллагад оношилгоо, эмчилгээ хийлгэх, эрүүл мэндийн сэтгэл зүйн нэмэлт үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.” гэж заасан тул даатгалын нэг жилийн хураамжаас үлдсэн хэмжээний 5 хувьтай тэнцэх төгрөгөөр зарим шүүгч нарыг дотоодын эрүүл мэндийн байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах талаар судлахаар болов.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ