Шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүд нь шүүх засаглал болон иргэд, нийгмийн хооронд итгэлцэл, ойлголцлын гүүр болох хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэдэг.

 

Хуурамч мэдээллийн эсрэг "Factcheck.mn" талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулах ба анхаарах асуудал”, “Хиймэл оюун ухаан (AI) ашиглаж мэдээ, контент бэлтгэх арга” зэрэг сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон сургалтыг удирдан явууллаа.

 

 

Сургалтаар олон нийттэй харилцах стратеги, ур чадварыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэрхэн үр дүнтэй, мэргэжлийн түвшинд харилцах, мэдээллийн менежментийг хэрхэн зөв удирдах талаар практик мэдлэг олгосноороо онцлог байв. Мөн цахим орчин дахь харилцааны соёл, мэдээлэл боловсруулах арга барилыг сайжруулахаас зөвлөмжөөс гадна орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаан (AI)-ыг өдөр тутмын ажилдаа хэрхэн үр дүнтэй, бүтээлчээр ашиглах практик дадлагуудыг хийлээ.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч  Л.Өлзийжаргал сургалтад оролцож, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой арга хэлбэрээр шуурхай түгээж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

 

Өнөөдрийн сургалтад нийслэлийн шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүд танхимаар хамрагдсан бол 21 аймгийн 34 шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга болон олон нийттэй харилцах мэргэжилтнүүд онлайн (zoom)-аар оролцлоо. Сургалтыг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар, Мэдээллийн төв хамтран зохион байгууллаа.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ