Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга, хошууч М.Арилдийжан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан Дэд ажлын хэсгийн хүрээнд хэрэгжүүлж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, тэр дундаа зөрчлийн хэргийн баримтуудыг шүүхэд цахим хэлбэрээр шилжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд цагдаагийн байгууллага нь зөрчлийн хэргийг цахим хэлбэрээр шүүхэд шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх, үүнтэй холбоотой техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах асуудалд төвлөрөн ярилцлаа. Тодруулбал, зөрчлийн хэргийн баримт, материалыг цахимаар шүүхэд шилжүүлэхэд шаардлагатай олон үйлдэлт, өндөр хурдны сканер, тоон гарын үсэг зэргийг цагдаагийн байгууллагаас үе шаттайгаар шийдвэрлэн ажиллахаар боллоо.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтыг бодит практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын техникийн бэлэн байдал, мэдээллийн урсгал, уялдаа холбоо чухал ач холбогдолтой болохыг талууд онцлов. Тус уулзалт нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодитойгоор цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг практик түвшинд эхлүүлэхэд чиглэсэн чухал уулзалт боллоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ