“Нээлттэй нийгэм форум”-ын санаачилгаар 2021 оноос хойш хоёр жил тутам хэрэгжүүлж буй Монгол Улсын Шүүхийн индексийн судалгааны 2025 оны буюу гурав дахь удаагийн үр дүнг (2026.06.11) танилцууллаа.

Шүүхийн статистик мэдээлэл, олон нийтийн болон хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, санал бодолд үндэслэн боловсруулдаг энэхүү судалгаагаар Монгол Улсын шүүхийн индекс 2025 онд 100 онооноос 57.33 оноо авчээ.

 

2021 онд 51,94, 2023 онд 53,22 оноо авч байсан бол энэ удаад өмнөх үнэлгээнээс даруй 4,11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү ерөнхий оноо нь дараах агуулгын хүрээнд хэмжигддэг. Үүнд:

  • Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
  • Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
  • Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
  • Шүүхийн дэд бүтэц, нөөц;
  • Шүүгчийн ёс зүй, хариуцлага; Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хамаарна.

 

Дээрх 6 үндсэн хэмжигдэхүүн нь 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтийн хүрээнд задардаг. Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын төлөөлөл нийт 2000 гаруй иргэнийг хамруулсан санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтнүүдийн үнэлгээ болон шүүхийн захиргааны статистик мэдээлэл, факт баримт гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрддэг байна.

 

2025 оны хувьд шүүхийн үйл ажиллагаа 6 хэмжигдэхүүн тус бүрээр өсөлттэй гарснаас шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүхэд итгэх итгэл, шүүхийн нөөц, дэд бүтэц зэрэг хэмжигдэхүүн мэдэгдэхүйц өссөн нь нэгдсэн оноонд эергээр нөлөөлжээ. Тухайлбал, 2023 нийт хэмжигдэхүүнүүдээс хамгийн бага буюу 43,18 оноотой байсан “Шүүхийн дэд бүтэц, нөөц” хэмжигдэхүүн 2025 онд 50,41 оноо авч 7,23 оноогоор, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” хэмжигдэхүүн 2021 онд 53,17 онооноос 2023 онд 48,40 болж буурсан бол 2025 онд 55,73 болж  даруй 7,33 оноогоор өссөн байна. 

 

Шүүхийн индекс судалгааг 2021 оноос хойш Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилт, санаачилгаар “Оюуны-Инноваци” НҮТББ, Тунгаахуй өгөгдлийн студи, MMCG компани хамтран судалгааны өгөгдөл, мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг хариуцан хэрэгжүүлж ирсэн юм. 

 

Монгол Улсын Шүүхийн индексийн судалгааны 2025 оны буюу гурав дахь удаагийн судалгааны дэлгэрэнгүй тайлантай  эндээс танилцана уу.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ