Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 23 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. “Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн цахим системийн өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ, үнэлгээ хийх системийг цаашид хөгжүүлэх судалгаа тооцоо бүхий ажлын даалгавар”-ын танилцуулгыг “Энгүй шийдэл” ХХК-ийн захирал Д.Ганзориг танилцуулав.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, барилга угсралтын ажлын явцыг танилцуулав. Түүнчлэн санхүү, төсвийн үйл ажиллагаанд мөрдөх хуулийн цаглавар болон түүний хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцүүллээ.
3. "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэх журам”-ын шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа. Журмын шинэчлэлээр шүүхийн Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний зарчмыг оновчтой болгон, үнэлгээний аргачлал, шалгуурыг үзүүлэлт тус бүрээр нарийвчлан боловсруулж, үнэлгээ нотолгоонд суурилсан бодитой байх нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг “Бүрэн хангалттай”, “Хангалттай”, “Хангалтгүй” гэсэн 3 шатлалтай үнэлж, жилийн үйл ажиллагааны үнэлгээтэй холбогдуулан шүүхийн Тамгын газрын даргад авах урамшуулал, хариуцлагыг тодорхой болгов.
Мөн Шүүхийн Тамгын газраас тухайн жилд санаачилсан ”Шилдэг ажил”, “Шилдэг инновац” хоорондын ялгаа заагийг тодорхой болголоо. Шүүхийн үйлчилгээний орчин нөхцөлийг бодитойгоор сайжруулсан ажлыг шилдэг ажилд нэр дэвшүүлэх бол шүүхийн цөм системийг боловсронгуй болгоход чиглэсэн технологийн шинэ санаа, шилдэг шийдлийг “шилдэг инновац”-д нэр дэвшүүлэхээр журамлав.
4. 2026 оны 04 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газарт, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн хяналт шалгалт, аудитын дүнг танилцууллаа.
5. “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, журмын төсөлд олон нийтээс санал авахаар шийдвэрлэлээ.
6. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулж, холбогдох саналыг тусгав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ