Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит 24 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.Шүүхийн захиргааны Олон Улсын холбооны хурлыг 2027 онд Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбоотой судалгаа, танилцуулга хийгдэв.

 

2.Шүүхийн захиргааны байгууллагын ажилтны ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох журмын төсөлд санал авахаар хойшлуулав.

 

3.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн чөлөө олгох хүсэлтийг хэлэлцэж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

4.Шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгох эсэх асуудлыг хойшлуулав.

 

5.Нэр бүхий 2 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буцаасан үндэслэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт “36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж заасны дагуу эрх бүхий байгууллагаас лавлагаа мэдээллийг авч дахин нягталж, санал болгох эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг нягталж үзээд 1 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг дахин өргөн мэдүүлэхээс татгалзаж, 1 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг дахин Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

 

6.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон сууцны тулгамдсан асуудлыг түр хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 86 дугаар тогтоолоор баталсан.

Тус журмын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 13 дугаар  тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс орон сууц эзэмших хугацаа дуусгавар болсон албаны 5 орон сууцанд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас хүсэлт хүлээн авч, нягтлан шалгаж хуралдаанд танилцууллаа.

Нийт 9 шүүхийн Тамгын газар, Ажлын албанаас албаны орон сууц эзэмших 22 хүсэлт ирүүлснээс журамд заасан шаардлага хангасан 17 албан хаагчийн хүсэлт, гэрээ сунгах 2 албан хаагчийн хүсэлтийг хэлэлцэн 1 албан хаагчийн гэрээний хугацааг сунгаж, 4 албан хаагчтай орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулах шийдвэрлэв.

 

7.Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэг орон тоонд тус тус шүүгч шилжүүлэн томилуулах зар байршуулахаар шийдвэрлэлээ. Шилжих хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ