Австралийн Холбооны Улсын Маргаан шийдвэрлэх холбоо (Australian Dispute Resolution Association)-ноос зохион байгуулж буй "Дэлхийн чиг хандлага: Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замууд" сэдэвт олон улсын бага хурал 2026 оны 07 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо болж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа цахимаар оролцож, "Үндсэн хууль болон иргэний эрх зүй дэх гэр бүлийн хамгаалалт" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн харилцааны түүхэн хөгжил, өрнө болон дорнын гэр бүлийн бүтэц, соёлын онцлог, ялгаа, гэр бүлийн харилцааны Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн хамгаалалт, Гэр бүлийн тухай хуульд тусгагдсан шинэ зохицуулалт, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.

 

 

Энэхүү Олон Улсын бага хурлаар улс орнуудын эвлэрүүлэн зуучлал, маргаан шийдвэрлэх тогтолцооны шилдэг туршлага, бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, оролцогчид харилцан мэдээлэл солилцож байна.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Австралийн Холбооны Улсын Маргаан шийдвэрлэх холбоотой шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлагчдын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр 2024 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР