Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит 26 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Шүүхийн Тамгын газрын даргыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар Б.Мөнхзориг, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Б.Сэрүүнтунгалаг, Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Б.Мөнхтүвшин, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар Н.Энхцэцэг нарыг тус тус томилов.
2. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 180 болон 206 дугаар тогтоолын хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-ын дагуу нийт 6 шүүгчээс ирүүлсэн шилжих хүсэлтийг хэлэлцэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв. Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албанд тушаалд ирүүлсэн шилжих хүсэлтийг дэмжсэнгүй.
4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тус зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төсөлд олон нийтээс санал хүлээн авч, өнөөдрийн хуралдаанаар тус журмын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоол Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
5. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэв.
6. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шинээр томилогдсон шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов.
7. Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газраас ирүүлсэн нэмэлт материалд үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
8. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлахыг дэмжив.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ