1926 онд Хан Хэнтий уулын аймагт “Ардын шүүх” нэртэйгээр гэр контортой,  морин өртөөгөөр шүүн таслах ажлыг гүйцэтгэж эхэлсэн Хэнтий аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Тус ойн баярын арга хэмжээ 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотын төв талбайд цагдаагийн алба хаагчдын жагсаалын ёслолоор эхэлж, шүүгч ажилтнууд Эзэн чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

 

Шүүхийн ахмадууд, үе үеийн шүүгч ажилтнууд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, орон нутгийн болон хуулийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн  хүндэт зочид энэхүү ёслолд оролцож, Хэнтий аймгийн музей дэх шүүгчдийн алдрын танхимыг энэ үеэр сонирхож, шүүхийн үйл ажиллагаатай танилцав.

 

 

Түүхт ойн хүндэтгэлийн хурлыг Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг нээж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, орон нутгийн болон хуулийн байгууллагын төлөөлөл шүүгч ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу баяр хүргэж хэлсэн үгэндээ “...Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо ололт амжилтаар дүүрэн угтаж буй Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэдчилгээ дэвшүүлье. Ардын эрхт төрийн ёсонд нийцсэн шүүхийг жинхэнэ ёсоор байгуулах, шүүн таслах шинэ цааз хуулийг тогтооход 1925 онд хуралдсан Улсын хоёрдугаар Их хурал түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус хурлын тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 71 хошуунд шүүх байгуулах тухай шийдвэр анх гарч байжээ. Тус дүрмийг үндэслэн байгуулагдсан “Хан Хэнтий уулын аймгийн шүүх” эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна. Түүхэн цаг үеийн сорилтыг даван туулж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг тогтоох эрхэм хариуцлагатай үүргээ бүтэн зууныг өртөөлөн нэр төртэйгээр биелүүлж ирсэн Хэнтий аймгийн шүүхийн үе үеийн шүүгчид, ажилтнууд Та бүхний онцгой хичээл зүтгэлийг энэхүү бахдам түүхт ойн өдөр алдаршуулан тэмдэглэхэд таатай байна. Цаашид шударга шүүхийн хэм хэмжээ, шүүгчийн тангараг, ёс зүйг дээдэлсэн, олон нийтийн хяналт, оролцоонд тулгуурласан шударга шүүхийг цогцлоох зорилгынхоо төлөө хуулийн засаглал, шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе...” гэж онцлон тодотгов.

 

Хүндэтгэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 159 дүгээр тушаалаар салбарын шагналаар тус тус шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

 

 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, ахмад шүүгч Л.Цэрэндулам, үйлчилгээний ахмад ажилтан П.Баяраа нарыг, “Алтан гадас” одонгоор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, ахмад шүүгч Н.Лхагвадорж, Я.Алтаннавч, ахмад ажилтан Х.Шүрэнтогоо, бичиг хүргэгч С.Эрцэрэг нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа, шүүгч А.Энхбаатар, шүүгч Э.Хосбаяр, шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзий, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Мөнхсаруул нарыг тус тус шагнав.

 

 

 

 

Мөн “Шударга ёсны элч” цол, тэмдгээр Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Г.Болормаа, Хэнтий аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч асан Ж.Энхчулуун нарыг, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч асан Л.Нанзадсүрэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч А.Наранбаатар, бичиг хүргэгч Б.Аюурзана нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Г.Хэрлэн болон бусад шүүхийн захиргааны ажилтнуудыг салбарын шагналаар тус тус шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь урамшууллаа.

Ойн баярын ажиллагаа “Хан Хэнтий” чуулгын хүндэтгэлийн тоглолтоор ёслол төгөлдөр үргэлжилж, шүүхийн гурван үеийн дурсамж уулзалтаар өндөрлөв.

 

 

Ийнхүү Хэнтий аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн энэхүү арга хэмжээ нь тус шүүхийн төдийгүй Монгол улсын шүүх эрх мэдлийн туулсан замналыг нэхэн дурсах,  шинэтгэлийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шүүгчийн ажил мэргэжлийг хүндэтгэн алдаршуулах, нийгмийн үнэлэмжийг нь дээшлүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо.  

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ