Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал нар 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Фузули Айдогду тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр улсын шүүхийн захиргааны тогтолцоо, шүүгчийг сонгон шалгаруулах, бэлтгэх үйл явц, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хүний нөөц, сургалт, ачааллыг тооцох аргачлал, цахимжилт болон хиймэл оюуны хэрэглээний талаар харилцан туршлага солилцсон юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, Турк Улсын шүүхийн захиргаа удирдлага, хүний нөөцийн бодлого, сургалтын талаарх туршлагыг судлахын чухлыг тэмдэглэв.

 

Мөн Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтан хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар танилцуулж, шүүгчийг сонгон шалгаруулах арга зүйг боловсронгуй болгох, шүүгчийн ажлын ачааллыг бодитой тооцож, түүнд үндэслэн хүний нөөцийг оновчтой төлөвлөх чиглэлээр Турк Улсын туршлагыг судлах сонирхолтой байгааг онцоллоо.

 

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцооны талаар санал солилцлоо.

 

 

 

Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Фузули Айдогду тус улсад шүүгч, прокурорыг сонгон шалгаруулахдаа холбогдох шалгалт, ярилцлагыг авч тэнцсэн хүмүүс тус улсын Шүүхийн академид 3 жилийн онол, практик дадлага хийлгэж дахин шалгалт авдаг тогтолцоотой болохыг танилцуулав.

 

Мөн шүүхийн захиргааны ажилтан нь заавал хууль зүйн боловсролтой байх албагүй бөгөөд албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах ур чадварыг голчлон үнэлдэг болохыг тайлбарлалаа.

 

 

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааг удирдах түвшний айлчлалаар хязгаарлахгүйгээр мэргэжилтнүүдийн оролцоонд тулгуурлан өргөжүүлж, шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоо, арга зүйн талаар хоёр улсын туршлагыг харьцуулан судалж, мэргэжлийн түвшинд мэдээлэл солилцох; шүүгчийн ажлын ачаалал, хүний нөөцийн төлөвлөлт, ажлын ачааллыг тооцох аргачлал, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, шүүхийн цахимжилт, хиймэл оюуны хэрэглээ шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах боломж, ёс зүйн хязгаарлалт болон холбогдох асуудлаар мэргэжлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтов.

 

 

Уг уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг,  Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мустафа Түнай, илтгэгч шүүгч Хакан Булут нар оролцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ