Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр нар 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь Шүүхийн ерөнхий зөвлөл, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох, тодорхой үйл ажиллагааг талуудын нөөц бололцоонд тулгуурлан харилцан тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэхэд орших юм.
Мөн шүүхийн тогтолцоо, ил тод байдал, үр ашиг, шүүгчийн хараат бус байдал, чадавхтай холбоотой судалгаа үнэлгээ тодорхой давтамжтай тогтмол хийгдэх бөгөөд түүнд тулгуурлан Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигт шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломж нээгдэж байна.
Дээрх үйл ажиллагаа хэрэгжсэнээр шүүгчийн хараат бус байдал Монгол Улсад ямар түвшинд байсан, ямар түвшинд очиж байгаа, ямар түвшинд хүрэх шаардлагатай байгааг хөндлөнгийн олон улсын байгууллагын шинжээчдээр үнэлүүлж, улмаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох ач холбогдолтой.
Талууд санамж бичгээр харилцан тохиролцсон үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, хөтөлбөрийн менежер О.Билгүүн нар оролцлоо.

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ