Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 28 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.9 дэх заалт /шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн./, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг /Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр, бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тоолно./, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт /Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно./ заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн 2 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.4.3-т “нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус шинжээчийг оролцуулж болно” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.
Үүний дагуу 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэх Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад шинжээч оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэж, “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ын 10.12-т /Шинжээч шалгалтын даалгаврын боловсруулалт, үнэлгээний аргачлалд дүгнэлт хийж, нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлыг дүгнэн Ерөнхий зөвлөлд бичгээр өгч, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хэлбэрээр оролцоно. Ерөнхий зөвлөлийн дарга шинжээчээс нууцын баталгаа авна./ заасны дагуу нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд зөвлөгөө өгөх шинжээчийг оролцуулахаар тогтов.
3."Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-д нэмэлт оруулах тухай хэлэлцэж, аргачлалын 7.6.1-д “хянан шийдвэрлэсэн шүүгч” гэж нэмэлт орууллаа.
4.Нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ