Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх” хосолмол түншлэл (“Твиннинг”) төслийн зөвлөхүүд 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж, “Шүүхийн захиргааны ажилтны 2026 оны сургалтын төлөвлөгөө”-нд үнэлэлт, дүгнэлт өглөө.

Уулзалтад “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дюсселдорф хотын Бүсийн дээд шүүхийн шүүгч Аннетте Стилианидис, Меттман дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Барбара Гебаувер нар оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар, Сургалт судалгааны төв болон шүүхийн Тамгын газрын дарга, мэргэжилтнүүдтэй сургалтын хүрээнд албан ёсны уулзалт хийлээ.

Төслийн богино хугацааны зөвлөхүүд сургалтын төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээ танилцуулахдаа уг төлөвлөгөө нь олон сэдвийг хамарсан өргөн хүрээтэй байгаа хэдий ч анхаарах зарим асуудлаар харилцан туршлага солилцов.
Энэ үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт, уулзалт ярилцлагын туршлагаас хуваалцаж, шүүхийн Тамгын газрын удирдах ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тусгай хичээл заалаа.
Мөн арга хэмжээний үеэр “Шүүхийн захиргааны ажилтны 2027 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г танилцуулж, зарим асуудлаар санал солилцсон юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ