Шүүхийн захиргааны олон улсын холбоо (International Association for Court Administration-IACA)-ны Ерөнхийлөгч Памела Харрис, Үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Боулинг нар 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах олон улсын бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад айлчилж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, Л.Өлзийжаргал, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг нар Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны Ерөнхийлөгч Памела Харрис, Үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Боулинг нарыг 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар 2027 онд Монгол Улсад зохион байгуулагдах Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны  олон улсын бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалт, хамтын ажиллагааны талаар талууд санал солилцов.

 

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Юуны өмнө та бүхэнд талархсанаа илэрхийлье. Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг. Манай улсын хувьд шүүхийн захиргааны байгууллага бие даасан үйл ажиллагаатай, шинэ тутамд хөгжиж буй онцлогтой. Тиймээс олон улсын бага хурлыг шүүхийн захиргааны байгууллагын бие даасан үйл ажиллагаа руу чиглүүлж, шүүхийн цахим шилжилт, AI буюу хиймэл оюун ухаан нэвтрүүлэхтэй холбоотойгоор бусад орнуудтай туршлага солилцох талаар санал гаргаж байна. Ингэснээр шүүхийн захиргааны байгууллагын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн E-court 2.0 цахим шилжилтийн явц, төрийн байгууллагын бусад системтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг онцлогийн талаар танилцууллаа.

 

 

Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA )-ны Ерөнхийлөгч Памела Харрис Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс тавьсан саналыг хүлээн авч буйгаа илэрхийллээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй цахим шилжилтийг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах олон улсын бага хурлын панел хэлэлцүүлэгт нэг үндсэн илтгэлээр оруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь шүүхийн цахим шилжилт, хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр зорьж байгаа бусад улс орнуудад хэрхэн цахим шилжилтийн суурь тавигдсан, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн, холбогдох дүрэм журмыг хэрхэн тусгасан зэрэг бэрхшээлийг даван туулсан сайн жишээ болно гэдгийг онцоллоо. 

 

 

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргаа, цахим шилжилтийн үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүхүүд болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийх юм. Түүнчлэн олон улсын бага хурлыг зохион байгуулалттай холбоотойгоор хурлын танхим, технологийн болон бусад бэлтгэлтэй газар дээр нь танилцана.

 

Энэхүү Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар шүүх, шүүхийн захиргааны хөгжил, цахим шилжилтийн туршлагыг олон улсын түвшинд танилцуулах, дэлхийн улс орнуудын шүүхийн удирдлага, шүүхийн захиргааны байгууллагуудтай туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Олон улсын бага хурлыг 2027 оны 09 дүгээр сарын 19–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын шүүхийн удирдлага, шүүгчид, шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд оролцохоор байна.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ