Төв аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Баатруудын цэцэрлэгт хүрээлэн”-д боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах болон аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөллүүд оролцож өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилтаа дурсаж, цаашдын үйл ажиллагааны залгамж чанар, хөгжлийн зорилгоо тодорхойлсон түүхэн үйл явдал боллоо.

Тус аймаг дахь шүүх нь анх 1927 онд Богд Хан-Уул аймгийн шүүх нэртэй одоогийн Төв аймгийн Лүн суманд дарга, байцаагч, зарлага, галч гэсэн 4 орон тоотойгоор анх байгуулагдсан түүхтэй. Өдгөө Төв аймаг дахь сум дундын эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн эрүү, иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүхт 100 жилийн ойн хүрээнд “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдаан, “Төв аймгийн шүүх–100” нэрэмжит урлагийн их наадмыг тус тус зохион байгуулав.
Хөвсгөл аймагт шүүх байгуулагдсаны түүхт 95 жилийн ой тохиолоо
Хөвсгөл аймагт шүүх үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, аймгийн шүүхийн байгууллагад ажиллаж байсан ахмад шүүгчид, шүүгч, шүүхийн захиргааны үе үеийн ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хөвсгөл аймаг дахь шүүх нь анх 1931 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн анхдугаар их хуралдаанаар 7 хүний орон тоотой Хатгалын дамжлага баазад байгуулагдсан түүхтэй.

Өдгөө Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 16 шүүгч, шүүхийн захиргаа үйлчилгээний 36 ажилтан шүүхийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Булган аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо
Булган аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн удирдлагууд, шүүхийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүгч, шүүхийн захиргаа ажилтнууд болон хуулийн байгууллагын төлөөллүүд оролцож, Цогт хунтайж талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Булган аймаг дахь шүүх 1936 онд “Хошууны шүүх” нэртэйгээр байгуулагдан Сэлэнгэ аймагт харьяалагдан шүүхийн дарга, нарийн бичгийн дарга, байцаагч гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Өдгөө Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар нь үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрөөр улам бэхжин хөгжиж, эрүү, иргэн, захиргааны дагнасан шүүхийн бүтэцтэйгээр өргөжин ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ