Архангай аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, П.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон тус аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн салбарын төлөөллүүд оролцож, Архангай аймгийн төв талбайд байрлах Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.


БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж, 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулсан түүхтэй. Тус 5 аймгийн нэг нь Архангай аймаг бөгөөд 1926 онд шүүхийн суурь тавигдсан байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Архангай аймгийн шүүхүүд хууль, шударга ёсыг сахиулах, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас эхлэн өнөөдрийн дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын удирдлага, хамт олны хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр хариуцлага чухал нөлөө үзүүлсэн билээ.


Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар нь одоогийн байдлаар Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү аж ахуй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр төрийн захиргааны 16, үйлчилгээний 11 нийт 27 орон тоотойгоор ажиллаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ