Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Ханнс Зайделийн сан”, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Гэр бүлийн эрх зүй дэх хүүхдийн эрх ба эцэг, эхийн үүрэг: Германы туршлага, хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

 

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэг нь гэр бүл, тэр тусмаа хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нь хамгаалах чиглэлээр Герман улсын туршлагаас суралцах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй, бодит мэдээлэл хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог дэмжих зорилготой юм.

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, ХБНГУ-ын Холбооны нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч, доктор Андреа Биндиг, ХБНГУ-ын Мюнхен дэх Мужийн Дээд шүүхийн шүүгч Иргэний хэргийн 2 дугаар танхимын, гэр бүлийн хэргийн шүүгч Штефани Менер, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Ханнс Зайделийн сан”-гийн төлөөлөгчийн газрын Эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд, Хүүхдийн эрхээр дагнасан child.mn сайтын захирал, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга нар оролцов.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “... хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нь хамгаалснаар ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Гэрлэгчид буюу эхнэр, нөхөр нь эцэг, эх байх үүргээ гүнээ ухамсарлаж үр хүүхдийнхээ эрхийг хангаж, зөв хүмүүжүүлснээр тэдний эцэг, эх байх ёс зүйн хэм хэмжээ болон хуулиар хүлээсэн үүрэг биелэгдэнэ. Эцэг, эхийн маргааны буруутан нь, тэдгээрийн салах шалтгаан нь, цаашлаад аливаа асуудлын бай бамбай нь хүүхэд байх ёсгүй” гэв.

 

 

ХБНГУ-ын Холбооны нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч, доктор Андреа Биндиг Германы гэр бүлийн шүүхийн практикт хүүхдийг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "насанд хүрээгүй оролцогч" гэж үзэлгүй, түүний сэтгэл зүй, ирээдүйн ашиг сонирхлыг бүхнээс түрүүнд хамгаалдаг. Мөн гэр бүлийн маргаан нь энгийн иргэний хэргээс зарчмын хувьд өөр тул тусгайлан мэргэшсэн шүүгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр асуудалд олон талаас нь ханддаг гэдгийг онцоллоо.

 

 

Хэлэлцүүлэгт нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ