Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран “Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхлүүллээ.

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, шүүгч, өмгөөлөгч, судлаач, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки сургалтын нээлтийн үеэр “Манай төсөл шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Энэ удаагийн сургалт нь эвлэрүүлэн зуучлалын сургагч багш нарыг бэлтгэхэд чиглэж байгаагаараа онцлогтой. Сургалтыг онол, арга зүйг хослуулж, оролцогчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
Сургалтыг “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен мужийн Бүсийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эвлэрүүлэн зуучлалын мэргэшсэн мэргэжилтэн Мириям Грусс, тус мужийн Нийгмийн хамгааллын дээд шүүхийн шүүгч Петер Брэндле нар удирдан явуулж байна. Сургалтаар оролцогчдын харилцааны хандлага, уулзалт, хэлэлцээний өмнө талуудтай харилцах арга барил зэрэг эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадвар, арга зүйн асуудлыг авч үзнэ.

Эвлэрүүлэн зуучлал нь талуудын хооронд үүссэн маргааныг харилцан ойлголцол, зөвшилцөлд үндэслэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх нь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлагчдыг нэгдсэн арга зүйгээр сургаж, дадлагажуулах, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Ингэснээр иргэд, байгууллагууд маргаанаа харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж, шүүхийн үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Аймаг, нийслэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч, судлаач, их, дээд сургуулийн багш нар хамрагдаж байна амрагдаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ