Улсын Их Хурлын 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” санал, дүгнэлтийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг томиллоо.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарын УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон шүүгч бус гишүүдийг хүлээн авлаа.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шинэ гишүүдэд хандан “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шүүхийн бие даасан байдлыг хангах хүрээнд тодорхой бодлогын шинэчлэл хийж, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гарахаар зорьж байна. Цаашид шүүхийн шинэчлэлийг бэхжүүлэх зорилгын төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн ажлын амжилт хүсэв.

Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг шинээр томилогдсон гишүүн Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Ажлын албаны албан хаагчдад танилцууллаа.

Танилцуулга уулзалтын үеэр гишүүн Б.Амартүвшин “Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг нэг шатаар ахиулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бидний хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлов.

Мөн гишүүн Б.Даваажав “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэнээр та бидний ажлын үр дүн гарах учиртай. Иймд та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье” гэсэн юм.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ