Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026)” ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргал 2006-2026 оны хугацаанд бүх шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн худалдан авах ажиллагаатай холбоотой эрүү, иргэн, захиргааны хэргийн шийдвэрлэлтийн талаар статистик тоон мэдээлэл танилцуулав.
Шүүхээр шийдвэрлэгдсэн худалдан авах ажиллагаатай холбоотой маргааны зонхилох хэсэг нь захиргааны хэргийн шүүхэд төвлөрч, нийт холбогдох маргааны 90 орчим хувийг эзэлж байна. Ялангуяа 2016 оноос хойш захиргааны хэргийн тоо эрчимтэй өссөн бөгөөд тендертэй холбоотой шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл давамгайлж байна. Нийт хэргийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь орон нутагт шийдвэрлэгдсэн. Тухайлбал, орон нутагт хамгийн их буюу Орхон аймаг 124 хэрэг шийдвэрлэсэн нь томоохон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой.

Худалдан авах ажиллагаатай холбоотой 1260 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэснээс 38 хувь нь давж заалдах шатанд, үүнээс 114 хэрэг хяналтын шатанд шилжсэн. Шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлийн үнийн дүн 88.6 тэрбум төгрөг байснаас шүүхүүд 46.6 тэрбум төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Захиргааны хэргийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн ихэнх нь тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, тендерийг дахин үнэлүүлэх, дахин зарлуулах, худалдан авах ажиллагааны гэрээг хууль бус болохыг тогтоохтой холбоотой байна.
Худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг нийт шүүн таслах ажиллагаанд бага хувийг эзэлж байгаа боловч захиргааны шүүхийн маргаанд өндөр жин дарж, тендерийн шийдвэрийн хууль ёсны байдлыг хянан шалгах ажиллагаа тогтмол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал онцлов.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, П.Ганзориг, М.Ганхүлэг нар болон нийт 19 төрийн байгууллага, 7 төрийн бус байгууллага, төрийн өмчийн оролцоотой 34 аж ахуйн нэгжийн төлөөлөл, 11 иргэн оролцож “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026) он” сэдвийн хүрээнд асуулт асууж, төрийн байгууллагын төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ