Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн зохион байгуулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн байгууллагын төлөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 16–22-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужид ажиллаж, шүүхийн цахимжилт, хиймэл оюун ухааны хэрэглээ, цахим хавтаст хэргийн тогтолцоо болон мэдээллийн технологийн дэд бүтцийн зохион байгуулалттай танилцаж байна.

 

 

Айлчлалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг болон зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, мэдээллийн технологийн ажилтнууд оролцож байгаа юм.

Энэ хүрээнд Бавари мужийн Хууль зүйн яам болон Мюнхен хотын шүүхийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тус мужийн шүүхийн цахим шилжилтийн бодлого, хэрэгжилт, хиймэл оюун ухааныг шүүхийн үйл ажиллагаанд ашиглаж буй туршлага, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Тухайлбал, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэрэг ашиглах, шүүхийн баримт бичгийн боловсруулалтыг автоматжуулах, хиймэл оюун ухааны тусламжтайгаар шүүхийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа.

 

 

Мөн шүүхийн цахим системийн хөгжүүлэлт, ашиглалт, техникийн үйлчилгээ, мэдээллийн технологийн хүний нөөцийн зохион байгуулалт, шүүхийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо болон цахим системийн тогтвортой ажиллагааг хангах асуудлаар туршлага солилцож байна.

Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Ландсхут хотын шүүхэд цахим хавтаст хэргийн практик хэрэглээтэй танилцсан бөгөөд цаашид Пассау хотын шүүх болон Бавари мужийн шүүхийн Мэдээллийн технологийн үйлчилгээний төвөөр зочилж, цахим системийн ашиглалт, мэдээллийн технологийн дэд бүтэц, кибер аюулгүй байдлын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.

 

 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын шүүхийн хэмжээнд хэрэгжүүлж буй «Цахим шүүх 2.0» цөм системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг боловсронгуй болгох, шүүхийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн тогтвортой удирдлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.