Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Амартүвшин, Ч.Баянжаргал, М.Мөнхдаваа нараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат үйл ажиллагааны талаар танилцуулж, шүүхэд хүлээн авч, шийдвэрлэж буй хэрэг, маргаан, нэхэмжлэлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хүний нөөцийн зарим орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов. Мөн шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтод тусгасан чиг үүргийг ажлын бодит хэрэгцээ, ачаалалтай уялдуулан шинэчлэн боловсруулах санал гаргалаа.

Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудалтай танилцахын зэрэгцээ Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Хэргийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх чиглэлээр ажиллав.
Мөн шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчидтай уулзаж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, ажлын ачаалал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тус ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Хүний нөөцийн асуудал хариуцсан референт Э.Номин, Хэргийн хөдөлгөөн, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Соёлмаа нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, хүний нөөц болон хэргийн хөдөлгөөний чиглэлээр нөхцөл байдлын үнэлгээ хийх юм.