IMG-LOGO
 2014-06-24

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх\" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа нар\"Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ, тулгамдсан асуудлууд\"хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийн талаар, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга А.Энхтөр нар \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам\", Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа нар www.shuuh.mn цахим хуудасны талаар тус тус мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Хэвлэлийн бага хурлаар мэдээлэгдсэн товч мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

\"\"

 

Ирэх сард \"Нээлттэй шүүх\" хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа, мэдээллийн төвөөс Шүүн таслах ажиллагааны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцуулах болно.

 

\"\"

 

 

 

\"ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ЦАГДАН ХОРИХ

 АРГА ХЭМЖЭЭ БА ХҮНИЙ ЭРХ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД”

 СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

 

 

  2014 оны 6 дугаар сарын 9                                                                                                                                     Улаанбаатар хот 

 

 

Халдашгүй, чөлөөтэй байх нь хүний төрөлхөөс заяасан эрх мөн бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, цагдан хорихыг олон улсын болон үндэсний эрх зүйгээр хориглодог билээ. Хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй аливаа ажиллагаа хангалттай үндэслэл, нотлох баримтад тулгуурлаж, хууль, шударга ёсонд нийцсэн байхыг тэмдэглэж, \"Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгээс дараах зөвлөмжийг гаргаж байна:

 

1.    Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хүний эрх, хууль ёсыг дээдлэх, хуульд заасан үндэслэл, журмыг заавал баримтлах, хараат бус байх, мэргэжлийн ёс зүйг чанд сахих.

 

2.    Хүнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур баривчлах, цагдан хорих, удаан хугацаагаар хорьж цагдах зэргээр хүний эрхийг зөрчиж байгаа байдлыг таслан зогсоохын тулд Хууль зүйн яамнаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг олон улсын нийтлэг жишиг, өөрийн орны шүүхийн үйл ажиллагаанд тогтож, хэвшсэн эерэг өөрчлөлтийг тусгаж, нарийвчлан зохицуулсан төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих. 

 

3.    Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ прокурор, өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтийг сонсох, мэтгэлцэх нөхцлөөр хангах, холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах, хууль ёсны нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гаргах зэргээр зайлшгүй ажиллагааг явуулж хэвших.

 

4.    Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд хуулийн дагуу мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, зохих цаг хугацаанд хүсэлт, гомдол, тайлбар, нотлох баримт гаргах, шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох зэргээр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах.

 

5.    Гэм буруу нь шүүхээр нотлогдоогүй тохиолдолд аливаа этгээд, тэр дундаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчих, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай тул ийм үйлдэл хийхгүй байх.

 

6.    Гэмт хэргийг хянан шийдвэрлэх болон Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийн төслүүдэд цагдан хорих арга хэмжээнээс өмнө хэрэглэж болох таслан сэргийлэх арга хэмжээний төрөл, хэлбэрийг олшруулах, журам заавар зэрэг эрх зүйн актаар зохицуулж байгаа үйл ажиллагааг хуульчлах.

 

7.    Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгаа шүүгчдийн тоог нэмэгдүүлж, тойргоор хуваарилах журамд шилжих.

 

8.    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс цагдан хорих арга хэмжээг хэрэглэж буй шүүхийн практикт судалгаа, үнэлгээ хийж, үр дүнг шүүгч, өмгөөлөгч, прокурор, судлаач эрдэмтэн, олон нийтэд мэдээлж байх.

 

9.    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2008 онд хамтран баталсан \"Баривчлах, цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай” журам хуульд нийцэж байгаа болон хуулиар тогтоосон хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай үйлчилж байгаа эсэхийг нягтлан үзэж, шаардлагатай өөрчлөлтийг тусгах.

 

10.  Цагдан хоригдогчийн Writ of Habeas Corpus (хорих үндэслэлийг шалгах шийдвэр) гаргасан хүсэлтийгшүүх хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн шуурхай шийдвэрлэх.

 

11.  Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагчтай зүй бус харьцах, эрүүдэн шүүх явдлаас сэргийлэхийн тулд олон улсын жишгийн дагуу гомдол гаргах, шийдвэрлэх бодитой хамгаалалтыг процессын эрх зүйгээр хангаж мөрдүүлэх.

 

12.  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран 2005 онд баталсан \"Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх” тухай журмыг нийслэл дэх цагдан хорих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр цагдан хорих бүхий л газруудад хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд ШШГЕГ болон Эрүүл мэндийн яамнаас тогтмол хяналт, мониторинг хийж, цагдан хоригдогсдын эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах.

 

 

Хэлэлцүүлэгт оролцогчид:

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Шүүгчдийн төлөөлөл 

Хууль зүйн яам 

Улсын ерөнхий прокурорын газар 

Цагдаагийн ерөнхий газар 

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо

Авлигатай тэмцэх газар 

Хүний эрхийн үндэсний комисс 

Эрдэмтэн судлаачид 

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл

 

 

 

 

\"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын

талаарх мэдээлэл

2014.06.23                                                                                                                                                                                                                            Улаанбаатар хот

 

Тахарын албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 13 дугаар зүйлийн 13.5, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг үндэслэн \"Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах\", \"Шүүх хуралдааны журам сахиулах тухай\", \"Шүүгч, түүнд хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах\", \"Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа\"-ны журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална гэж заасны дагуу \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах\" журмыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлан гаргалаа.

 

Энэхүү журмаар шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэнхуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг зохицуулна.

 

Энэ журам хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал тодорхой зохицуулалтгүй, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэнхуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдаж байсан.

 

\"Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах\" журам батлагдсанаар дээрх асуудлууд нэгдсэн нэг журамд багтаж хэрэгжүүлэх субъект нь Тахарын Ерөнхий газар байх юм.

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодитой ажлын нэг нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бие даасан, мэргэшсэн байгууллага Тахарын албатай болсон явдал бөгөөд энэ албаны хэрэгжүүлэх чиг үүргийн хамгийн чухал хэсэг болох шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг цогц байдлаар зохицуулж өгсөн учраас дээрх журмын ач холбогдол маш их юм.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

 

 

Шүүхийн шийдвэрийн цахим сангийн талаарх танилцуулга
/
www.shuukh.mn/

 

           2014.06.23                                                                                                                                                          Улаанбаатар хот

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор 2012 оны 7 дугаар сараас шүүхийн шийдвэрийн цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна. 

 

Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой. Мөн нийт шүүхийн байршил, хэргийн харяалал, цахим хуудас, и-мэйл хаяг, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд шүүх хуралдааны зар, тойм зэргийг үзэх боломжтой.

 

 

Шүүхийн тухай багц хуулиуд батлагдаж, 2013 оноос мөрдөж эхлэн шүүхийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой хуучин шүүх, шүүгчийн нэрээр хадгалагдаж байсан шийдвэрүүдийг хэвээр авч үлдэхийн тулд 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнөх, хойшхи гэсэн 2 хувилбар ажиллуулж байна.

 

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуулийн \"11 дүгээр зүйлийн 11.1.4-т шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, 12 дугаар зүйлийн 12.1.2-т шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхтгэн хэвлэх болон цахим  хуудсанд тогтмол байрлуулах\" гэж заасан нь шүүхийн шийдвэрийн цахим санг цаашид тогтмол ажиллуулах эрх зүйн үндэс бүрдсэн.

 

2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар цахим сангийн хуучин хувилбар дээр 79347 хэргийн 100923шийдвэр, шинэ хувилбар дээр 11484 хэргийн 14373 шийдвэр байршуулсан томоохон хэмжээний мэдээллийн сан бүрдээд байна.

 

Цахим санд үндсэн хэрэглэгчээр 5600 хүн бүртгүүлсэн бөгөөд өдөрт дунджаар 3000-4000 хүн тогтмол хандаж, шүүхийн шийдвэр болон бусад мэдээлэл авч байна.

 

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс