Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2022 оны 02 дугаар   сарын 24 -ний өдөр                                                       Дугаар 39                                                                      Улаанбаатар хот

 

 

 

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам

батлах тухай

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийн 71.1.5 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

2.“Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба /Р.Батрагчаа/, бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/44 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Р.Батрагчаа/-д даалгасугай.

 

5.Энэ тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

                                    

ДАРГА                                               Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

 

 

 

 

 


 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны

02 дугаар сарын 24-ний өдрийн

39 дүгээр тогтоолын хавсралт

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЦАХИМ ХУУДАСТ

БАЙРШУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар анхан шатны шүүхийн шийтгэх, ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн цахим хуудаст байршуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэ журмаар зохицуулаагүй холбогдох бусад харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмаар зохицуулна.

 

Хоёр.Нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ журамд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

        2.1.1.“админ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сан хариуцсан ажилтныг;

        2.1.2.“домэйн нэр” гэж интернэтэд байрлаж байгаа цахим хуудсыг олоход туслах интернэт хаягийг;

        2.1.3.“мэргэжилтэн” гэж тухайн шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан хаагчийг;

     2.1.4.“нэвтрэх нэр, нууц үг” гэж цахим санд нэвтрэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн системийн бүрдүүлэгчид тусгайлан өгсөн үсэг, тоо, тэмдэгтийн бүрдлийг;

        2.1.5.“системийн бүрдүүлэгч” гэж цахим санд шүүхийн шийдвэр оруулах үүрэг бүхий шүүгчийн туслахыг;

        2.1.6.“цахим сан” гэж Монгол Улсын хэмжээнд нэгдмэл нэг байх, шүүхийн шийдвэрийн нээлттэй мэдээллийн санг;

        2.1.7.“цахим хуудас” гэж www.shuukh.mn домэйн нэрээр дамжуулан цахим санг нийтэд мэдээлэх хэрэгслийг;

        2.1.8.“шүүхийн шийдвэр” гэж цахим хуудаст байршуулах энэ журмын 4.1-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх, ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг.

 

Гурав.Шүүхийн шийдвэрийн цахим сангийн зориулалт,

 үндсэн бүтэц, төрөлжүүлэлт

3.1.Шүүхийн шийдвэрийн цахим сан /цаашид “цахим сан” гэх/ шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, шүүхийн шийдвэрийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулж шүүхийн практикийг хөгжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад мэдээлэл солилцох, иргэд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн практикийг таниулах, мэдээлэх зориулалттай байна.

3.2.Цахим хуудас энэ журмын 3.1-д заасан цахим сангийн зориулалтыг хангахад чиглэсэн дараах үндсэн бүтэцтэй байна:

3.2.1.нүүр хуудас нь шүүхийн шийдвэрийг эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх, хэрэг, маргааны төрлөөр ангилсан хэсэг болон шүүхийн эмхэтгэсэн сонгомол шийдвэрүүд, цахим хуудасны ажиллагааны талаар санал, хүсэлт хүлээн авах, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд зориулсан мэдээлэл, Монгол Улсын нийт шүүхийн цахим хуудасны холбоос, цахим санд хайлт хийх заавар, шаардлагатай бусад төрлийн булантай байх;

3.2.2.хайлтын хэсэг нь хайх хугацааны мөчлөг, аливаа түлхүүр үгээр хайх, хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, шүүх, шүүгчийн нэр, хэрэг,  маргааны төрөл, хэргийн индекс, шүүхийн шийдвэрийн дугаар, хүчинтэй эсэх болон шаардлагатай тохиолдолд бусад төрлийн шалгуураар хайлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх;

3.2.3.хайлтын нийт илэрцийг шүүхийн шийдвэрүүдийн жагсаалт байдлаар гаргах бөгөөд нийт илэрцийн хуудсанд шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, холбоотой магадлал, тогтоолтой эсэх, шүүгчийн нэр, хэрэг, маргааны төрөл, хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт болон шаардлагатай бусад төрлийн мэдээллийн баганатай байх;

3.2.4.тухайлсан нэг шүүхийн шийдвэрийн хэсэг нь шүүх, шүүгчийн нэр, хэргийн индекс, шүүхийн шийдвэрийн дугаар, он, сар, өдөр, хэрэг, маргааны төрөл, хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, шийдвэр хүчинтэй эсэх, холбоотой шийдвэрүүд, шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бусад төрлийн мэдээлэлтэй байх.

3.3.Цахим сангаас хэрэг, маргааны төрөл, эрх зүйн асуудлаар хайлт хийх нөхцөл бүрдүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийг цахим санд төрөлжүүлж байршуулна:

            3.3.1.эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлэг дэх гэмт хэргийн төрлөөр болон шаардлагатай бусад шалгуураар нарийвчлан ангилж байршуулах;

            3.3.2.иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хууль дахь гэрээний төрөл, бүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог төрлөөр болон шаардлагатай бусад нэгдсэн шалгуураар нарийвчлан ангилж байршуулах;

            3.3.3.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны эрх зүйн дэд салбар эрх зүйн харилцаа, захиргааны байгууллагын төрлөөр болон шаардлагатай бусад нэгдсэн шалгуураар нарийвчлан ангилж байршуулах;

            3.3.4.давж заалдах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолыг байршуулахдаа шийдлийн төрлийг болон анхан, давж заалдах шатны аль шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалыг хянасан тухай мэдээллийг тусгах, тухайн шалгуураар хайлт хийх боломж бүрдүүлэх.

3.4.Цахим сан дахь хайлтын шалгуур нь цогц өгөгдөл мэдээллээс шүүхийн шийдвэрийг богино хугацаанд, оновчтой хайж олох ажлыг хөнгөвчлөхөд чиглэх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хайлтын шалгуур, шүүхийн шийдвэрийн төрөлжүүлэлтийг байнга сайжруулах, гүнзгийрүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

 

Дөрөв.Цахим хуудаст байршуулах шүүхийн шийдвэр

4.1.Цахим хуудаст энэ журмын 4.2-т зааснаас бусад шүүхийн шийдвэрийг байршуулна.

4.2.Цахим хуудаст дараах шүүхийн шийдвэрийг байршуулахгүй:           

            4.2.1.хуульд тухайлан заасан хэрэг, маргааны шүүхийн шийдвэр;

            4.2.2.хэрэг, маргааныг хаалттай шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр;

            4.2.3.гэр бүлийн маргаан, асран хамгаалагч тогтоох, хүүхэд үрчлэн авах, насанд хүрээгүй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бусад хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр;

            4.2.4.бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр;

            4.2.5.​​иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах, эсхүл түүнийг чадваргүйд тооцох тухай шүүхийн шийдвэр;

            4.2.6.​​иргэнийг сэтгэцийн эмчийн албадан үзлэг, эмчилгээ хийх, сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхтэй холбоотой шүүхийн шийдвэр;

            4.2.7.​​иргэний болон эд хөрөнгийн бүртгэлд залруулга, өөрчлөлт оруулахтай холбоотой шүүхийн шийдвэр;

            4.2.8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн, онцгой ажиллагааны журмаар гарсан болон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр.

4.3.Цахим хуудаст шүүхийн эмхэтгэсэн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг байршуулна.

 

Тав.Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахад тавигдах  техникийн шаардлага

5.1.Системийн бүрдүүлэгч шүүхийн шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын арван өдрийн дотор цахим хуудаст байршуулна.

5.2.Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахад дараах техникийн шаардлагыг хангана:

            5.2.1.шүүхийн шийдвэрт дурдсан хүн, хуулийн этгээдийн нэр, регистрийн болон улсын бүртгэлийн дугаар, оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, эд хөрөнгийн бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон нууцлах;

            5.2.2.шүүхийн шийдвэрт дурдсан хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг нууцлах;

            5.2.3.шүүхийн шийдвэрт бичигдсэн бусад мэдээлэл үнэн зөв, бүрэн байх.

 

Зургаа.Цахим санг ашиглах

6.1.Шүүх бүр өөрийн цахим хуудсанд шүүхийн шийдвэрийн цахим сан (www.shuukh.mn)-ийн холбоос буланг заавал байршуулна.

6.2.Шинэ админ, системийн бүрдүүлэгч, мэргэжилтэнд шүүхийн шийдвэрийг байршуулах сургалт явуулсны дараа нэвтрэх нэр, нууц үгийг шинээр нээж, эсхүл шилжүүлэн хүлээлгэн өгнө.

6.3.Энэ журмын 6.2-т заасан системийн бүрдүүлэгчийн сургалтыг мэргэжилтэн, мэргэжилтний сургалтыг админ, админы сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

6.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба цахим сан дахь мэдээллийн тодорхой хэсгийг ашиглан боловсруулалт хийсний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх этгээдтэй өгөгдөл мэдээллээр хангах гэрээ байгуулан ажиллаж болно.

 

Долоо.Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахад хяналт тавих

            7.1.Цахим санд байршуулбал зохих шүүхийн шийдвэрийг орхигдуулаагүй бүрэн байршуулсан эсэхэд админ шүүхийн шийдвэрийн дугаарын дарааллыг нягталж хяналт тавих бөгөөд энэ хяналтыг хэрэгжүүлэх тохиргоог цахим санд тусгана.

7.2.Шүүхийн Тамгын газрын дарга энэ журмын хэрэгжилтэд дараах байдлаар хяналт тавина:

            7.2.1.системийн бүрдүүлэгч энэ журмын 5.1, 5.2-т заасан хугацаа, техникийн шаардлагыг ханган шүүхийн шийдвэрийг цахим хуудаст орхигдуулахгүй бүрэн байршуулж байгаа эсэхийг долоо хоног бүр шалгах;        

            7.2.2.цахим сангийн ашиглалт, шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулсантай холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шийдвэрлэх;

            7.2.3.цахим сангийн мэдээллийг энэ журамд нийцүүлэн засах, зөвтгөх, өөрчлөх даалгаврыг системийн бүрдүүлэгчид өгч, биелэлтийг тухай бүр хангуулах.

            7.3.Энэ журмын 7.2.1-д заасны дагуу шалгах ажлыг хариуцах ажилтныг тодорхойлж, цахим сантай холбоотой хийгдсэн шалгах ажлын мэдээллийг долоо  хоног тутам гаргуулан, холбогдох арга хэмжээг авна.   

            7.4.Шүүхийн Тамгын газар энэ журмын хэрэгжилтийг хангах хүрээнд энэ журмын 7.2-т заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг админд сар бүр цахимаар хүргүүлнэ.

            7.5.Админ энэ журмын 7.4-т заасны дагуу хүлээн авсан мэдээллийг нэгтгэн боловсруулж энэ журмын хэрэгжилтийг хангах, сайжруулах талаар нийтлэг зөвлөмжийг өгч ажиллана.

            7.6.Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах болон шүүхийн нээлттэй, ил тод байдлын талаар судалгаа, шинжилгээ, мониторинг хийх замаар хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж болно.

 

Найм.Цахим сангийн системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлт, аюулгүй байдал

8.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба цахим сангийн системийн сервер компьютер, сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, админ тогтмол хяналт тавина. 

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба системийн бүрдүүлэгч, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн ашиглалт, хэрэглээг сайжруулахтай холбоотой санал, хүсэлт болон тоног төхөөрөмж, системийн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн цахим сангийн хөгжүүлэлтийн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулна.

8.3.Мэргэжилтэн нь шүүх, шүүгчтэй холбоотой мэдээлэл болон хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан даруйд цахим хуудсанд тухай бүр өөрчлөлт оруулна.

8.4.Цахим хуудас болон цахим сангийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тохиолдолд мэргэжилтэн, системийн бүрдүүлэгч админд даруй мэдэгдэж, админ доголдлыг яаралтай арилгах арга хэмжээ авна.

8.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба цахим хуудас болон цахим сангийн мэдээллийн аюулгүй байдлыг дараах байдлаар ханган ажиллана:       

            8.5.1.сервер компьютер болон сүлжээний галт ханы тохиргоонд 80, 443 портуудаас бусад портыг хааж, шаардлагатай тохиолдолд мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн даргын зөвшөөрөлтэйгөөр өөр портоор хандах эрхийг тогтмол хаягийн хамт тохируулах;

            8.5.2.админ, мэргэжилтэн, системийн бүрдүүлэгч нар 90 өдөр болон түүнээс доош хугацаанд системийн нууц үгийг жижиг, том үсэг, тоо болон дүрс тэмдэгтүүд оролцуулан тогтмол солих бөгөөд түүнд хяналт тавих;

            8.5.3.админ, мэргэжилтэн, системийн бүрдүүлэгч интернэт хөтөч дээр нэвтрэх нэр, нууц үгээ хадгалж орхихгүй бөгөөд түүнд хяналт тавих.

8.6.Дараах зүйлийг хориглоно: 

            8.6.1.цахим санд байршуулсан шүүхийн шийдвэрийг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал болон хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг ашиглах;

            8.6.2.админ, мэргэжилтэн, системийн бүрдүүлэгч нар нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулах, ашиглуулах;

            8.6.3.цахим сантай давхардуулан мэдээллийн сан үүсгэх.

8.7.Мэргэжилтэн цахим сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай системийн бүрдүүлэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг нээж өгнө.

8.8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба цахим санг хөгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт төлөвлөх ажлыг хариуцан зохион байгуулна.

 

Ес.Цахим сангийн талаар өргөдөл, гомдол, санал хүлээн авах, шийдвэрлэх

9.1.Цахим хуудаст хэрэглэгчид зориулсан санал, хүсэлтийг хүлээн авах хэрэглэгчийн цэсийг байршуулна.

9.2.Хэрэглэгчийн цэсээр ирүүлсэн санал, хүсэлтийн хариуг ажлын гурван өдрийн дотор цахимаар, эсхүл бусад хэлбэрээр хариу өгөх бөгөөд тухайн хугацаанд хариу өгөх боломжгүй санал, хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу холбогдох шүүхийн Тамгын газарт болон Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан шийдвэрлүүлнэ.

9.3.Хэргийн оролцогч цахим санд өөрийн хуулиар хамгаалагдсан нууцтай холбоотой мэдээллийг байршуулсан гэж өргөдөл, гомдол, санал гаргавал тухайн шүүхийн Тамгын газрын дарга шийдвэрт энэ журмын 7.2-т заасны дагуу тухай бүр засвар оруулна.

 

Арав.Хариуцлага

10.1.Энэ журмыг зөрчсөний улмаас цахим сангийн системийн үйл ажиллагаанд доголдол гарсан, шүүхийн шийдвэрийг журамд заасан хугацаанд, бүрэн байршуулаагүй, орхигдуулсан, ажиллагааг дутуу хийсний улмаас тайлан мэдээ буруу гарсан, нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулж, задруулсан системийн бүрдүүлэгч, мэргэжилтэн болон энэ журамд заасан хяналтыг хэрэгжүүлээгүй Тамгын газрын дарга, админд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--o0o--

 

no
 
 
Судалгааны сан