Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн

86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АЛБАНЫ ОРОН СУУЦ ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Албаны орон сууц эзэмшүүлэх журам (цаашид “журам” гэх)-аар шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон сууцны тулгамдсан асуудлыг түр хугацаанд шийдвэрлэх зорилгоор албаны орон сууц эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

1.3.Энэ журамд дурдсан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“албаны орон сууц” гэж Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн Тамгын газар болон орон нутгийн өмчид бүртгэлтэй шүүхийн захиргааны мэдлийн орон сууцыг; 

1.3.2.“орон сууц эзэмшигч” гэж эрх бүхий албан тушаалтантай байгуулсан гэрээний дагуу албаны орон сууц эзэмших эрх олгогдсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг.

 

Хоёр.Албаны орон сууц эзэмших хүсэлт

гаргагчид тавигдах шаардлага

2.1.Дараах шаардлага хангасан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан албаны орон сууц эзэмших хүсэлт гаргах эрхтэй:

            2.1.1.шүүхийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;

            2.1.2.сүүлийн 2 жилд тухайн шүүхийн албаны орон сууц эзэмшээгүй байх;

2.1.3.шүүхийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа орон сууцны мөнгөн дэмжлэг аваагүй байх;

2.1.4.тухайн засаг захиргааны нэгжид хувийн өмчлөлийн орон байргүй байх;

2.1.5.гэрээний хугацаанд албаны орон сууцны ашиглалтын болон ердийн элэгдлээс өөрөөр муутгасан тохиолдолд зардлыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн байх;

2.1.6.хүсэлт гаргах үедээ сахилгын болон ёс зүйн шийтгэл хүлээгээгүй байх.

2.2.Албаны орон сууц хүрэлцээтэй байгаа тохиолдолд энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.6-д заасан шаардлагыг харгалзахгүй байж болно.

Гурав.Албаны орон сууц эзэмших хүсэлт

3.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх) болон шүүхийн Тамгын газар эзэмшүүлэх боломжтой албаны орон сууцны талаарх мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шүүгч, шүүхийн захиргааны нийт ажилтанд ил тод мэдээлнэ. Мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

            3.1.1.албаны орон сууцны талаарх мэдээлэл (байршил, талбайн хэмжээ, өрөөний тоо гэх мэт);

            3.1.2.албаны орон сууц эзэмших хүсэлт гаргахад тавигдах энэ журмын 2.1-д заасан шаардлага;

            3.1.3.хүсэлт, холбогдох материалыг хүлээн авах хугацаа, хэлбэр;

            3.1.4.албаны орон сууц эзэмшүүлэх журам (цахим холбоос).

3.2.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан (цаашид "хүсэлт гаргагч" гэх) нь орон сууц эзэмших хүсэлтдээ зайлшгүй шаардлага гарсан үндэслэл, шалтгааныг тодорхой тусгаж тухайн орон сууц харьяалагдах шүүхийн захиргааны байгууллагад гаргана.

3.3.Хүсэлт гаргагч дараах баримт бичгийг хүсэлтэд хавсаргана:

3.3.1.иргэний үнэмлэхийн хуулбар;

3.3.2.оршин суугаа хаягийн талаарх лавлагаа;

3.3.3.хүсэлт гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын лавлагаа;

3.3.4.гэрлэлтийн болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн лавлагаа /хамтран амьдрагчтай тохиолдолд түүний үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн лавлагаа/;

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.3.5.Орон сууцны дэмжлэг авч байсан эсэх, сахилгын болон ёс зүйн байдлын талаарх эрх бүхий этгээдийн тодорхойлолт.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

Дөрөв.Хүсэлтийг шийдвэрлэх

4.1.Шүүхийн Тамгын газар дор дурдсан байдлаар хүсэлтийг шийдвэрлэнэ:

4.1.1.Тухайн тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна.

4.1.2.Ажлын хэсэг нягтлан шалгасан талаар танилцуулгыг тухайн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны дийлэнх олонх оролцсон хуралд танилцуулж, ил санал хураалтаар шийдвэрлэнэ.

4.1.3.албаны орон сууцны тооноос хамааран хүсэлт гаргагч нэг бүрээр санал хурааж, хамгийн олон санал авсан хүсэлт гаргагчаас эхлэн дарааллын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргана.

4.2.Хүсэлтийг дараах байдлаар хүлээн авч, шийдвэрлэнэ:

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.2.1.нийслэл, дүүргийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтан албаны орон сууц эзэмших хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ;

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.2.2.журмын 4.2.1-т заасан хүсэлтийг нягтлан шалгах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.”

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.2.3.хүсэлтийг нягтлан шалгах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна;

4.2.4.ажлын хэсэг нягтлан шалгасан талаар танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.3.Ажлын хэсэг танилцуулгыг хийхдээ хүсэлт гаргагч тус бүрийн орон байрны талаарх нөхцөлийг биечлэн үзэж гаргасан санал дүгнэлтийг хавсаргана. 

4.4.Журамд заасан шаардлага хангаагүй, эсхүл хүсэлтийг бүрдэл дутуу ирүүлсэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулахгүй байх үндэслэл болно.

  /Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

Тав.Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулах

5.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тухайн шүүхийн Тамгын газрын дарга шийдвэр гарснаас хойш ажлын таван өдөрт багтаан орон сууц эзэмшигчтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан загварын дагуу гэрээ байгуулна.

5.2.Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээг нэг жилээр байгуулах ба дахин нэг жилээр сунгаж болно. Гэрээний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

5.3.Орон сууц эзэмшигч нь албаны орон сууцыг даатгалд хамруулж, даатгалын шимтгэлийг хариуцна. 

5.4.Шүүхийн Тамгын газар гэрээний нэг хувийг журмын 4.1.2-т заасан хурлын тэмдэглэлийн хамт Ажлын албанд цахимаар ирүүлнэ.

5.5.Орон сууц эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:

            5.5.1.тухайн орон сууцны барилгын үндсэн бүтээц хийцийг өөрчлөх;

            5.5.2.орон сууцанд салгаж болохгүй засан сайжруулалтыг урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр хийх;

5.5.3.цахилгаан, сантехникийн шугам сүлжээг гэмтээх, өөрчлөх;

            5.5.4.орон сууцны дотор заслыг гэмтээх, ердийн элэгдлээс өөрөөр бууруулах;

5.5.5.бусдад эзэмшүүлж, ашиглуулах;

            5.5.6.гэрээнд заасан бусад.

5.6.Орон сууц эзэмшигч нь албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, огцорсон, эсхүл орон сууцтай болсон, орон сууцны дэмжлэг авсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн Тамгын газрын дарга гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоно.

5.7.Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээг баталсан болон гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 10 хоногийн дотор орон сууцыг актаар хүлээлцэнэ.

 

Зургаа.Гэрээний хэрэгжилт, ашиглалтад тавих хяналт

6.1.Албаны орон сууцыг даатгалд хамруулсан эсэх, орон сууц эзэмшигч гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд Ажлын алба болон тухайн шүүхийн Тамгын газрын  өмч хамгаалах зөвлөл хяналт тавина.

6.2.Шүүхийн Тамгын газар албаны орон сууцны ашиглалтын талаарх мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

6.3.Ажлын албаны санхүү, аж ахуй хариуцсан нэгж албаны орон сууцны нэгдсэн бүртгэл, мэдээллийг хариуцан хөтөлнө.

6.4.Ажлын албаны санхүү, аж ахуй хариуцсан нэгж шүүхийн мэдлийн албаны орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга, санал дүгнэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Долоо.Бусад

7.1.Албаны орон сууц эзэмшүүлсэнтэй холбоотой баримт материалыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байгууллагын архивт зохих журмын дагуу шилжүүлэн өгнө.

7.2.Журамд заасан албаны орон сууцны талаар мэдээлэх, хүсэлт гаргах, хяналт тавих ажиллагааг цахимаар хийж болно.

7.3.Журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-оОо-

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                            Шүүхийн ерөнхий зөвлөлийн  2023 оны 03

дугаар сарын 09-ны өдрийн 86 дугаар

тогтоолын 2 дугаар  хавсралт

 

АЛБАНЫ ОРОН СУУЦ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ

(загвар)

 

... оны ... сарын ... ны өдөр                      Дугаар …                                ...   аймаг / хот

            Энэхүү гэрээг нэг талаас .... (Байгууллагын нэр) -ыг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /  Шүүхийн Тамгын газрын дарга  ........... (Албан тушаалтны нэр)  /цаашид “эзэмшүүлэгч” гэх/, нөгөө талаас ....... (Овог, нэр, албан тушаал) /цаашид “Эзэмшигч” гэх/ нар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 288, 289, 294, 310, 311 дүгээр зүйл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ... дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам” /цаашид “Журам” гэх/-ыг тус тус удирдлага болгон дараах нөхцөлтэйгөөр байгуулав.

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. .... (Байгууллагын нэр)-ын мэдлийн  ....  аймаг / дүүргийн ... дугаар хороо, ...-р хороолол, ... байрны ... тоот /... өрөө/ орон сууцыг үнэ төлбөргүйгээр түр хугацаанд эзэмшүүлэх, эзэмшигч нь уг орон сууцыг гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу эзэмших, ашиглалтын болон засварын зардлыг төлөх үүрэг тус тус хүлээнэ.

1.2.Эзэмшигч нь албаны орон сууцыг зориулалтын дагуу эзэмших бөгөөд бусдад аливаа хэлбэрээр ашиглуулах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй. 

1.3.Уг албаны орон сууц нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, түрээслэгдээгүй, битүүмжлэгдээгүй болно.

1.4.Гэрээний хугацаа ... оны ... сарын ... -ны өдрөөс ... оны ... сарын ...-ний өдөр хүртэл байна.

1.5.Албаны орон сууцыг актаар хүлээлцэнэ. Актыг 3 хувь үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээнд хавсаргана.

1.6.Гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгөх ба эзэмшигч нь дурдсан хугацаанд албаны орон сууцыг чөлөөлнө.

1.7.Аливаа мэдэгдлийг албаны орон сууц эзэмшигчид цахим шуудан, албан хэрэг хөтлөлтийн цахим систем, гар утас, бусад хэлбэрээр хүргүүлнэ. Аль нэг хэлбэрээр хүргүүлснийг гардаж авсанд тооцно.

ХОЁР. ЭЗЭМШҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1.Эзэмшүүлэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

2.1.1.орон сууцны зохистой ашиглалт болон цахилгаан, дулаан, сууц өмчлөгчдийн холбооны зэрэг ашиглалтын зардлыг төлсөн, даатгалд хамрагдсан  байдалд хяналт тавих, зохистой ашиглахыг шаардах;

2.1.2.албаны орон сууцны ашиглалтын явцтай эзэмшүүлэгч хэдийд ч танилцах, орон сууцны нөхцөл байдлыг хэвийн түвшинд ашиглаж байгаа эсэхэд улирал тутам, шаардлагатай гэж үзвэл тухай бүр шалгалт хийх;

2.1.3.эзэмшүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг эзэмшигчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

2.1.4.хуульд заасан бусад.

2.2.Эзэмшүүлэгч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

2.2.1.эзэмшүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг эзэмшигчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

2.2.2.орон сууц эзэмшигчээс үл шалтгаалан гэнэтийн осол аюул учирсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах;

2.2.3.хуульд заасан бусад.

 

ГУРАВ.ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Эзэмшигч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

3.1.1.эзэмшүүлэгчийн зөвшөөрлийн дагуу өөрийн хөрөнгөөр засварын ажлыг хийх;

3.1.2.ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй,  эрхийн зөрчилгүй орон сууцыг эзэмшил, ашиглалтад хүлээн авах;

3.1.3.хуульд заасан бусад.

3.2.Эзэмшигч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

            3.2.1.эзэмшигч орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах, Албаны орон сууц эзэмшүүлэх журмын 5.5 дахь заалтыг зөрчихгүй байх;

            3.2.2.эзэмшигч албаны орон сууцыг эзэмших хугацаандаа өөрийн зардлаар даатгуулах;

            3.2.3.эзэмшигч цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус зэрэг орон сууц ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх;

            3.2.4.албаны орон сууцанд засан сайжруулалт хийх тохиолдолд эзэмшүүлэгч талд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авсан байх; 

            3.2.5.бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр орон сууцны сантехник, цахилгаан шугам сүлжээг бүхэлд нь солих, даац, даацын бус хана, цонх, тааз, өрөө тасалгааны зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх;

            3.2.6.орон сууцыг зориулалтын бусаар ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн зардлыг нөхөн төлөх;

            3.2.7.орон сууцны цахилгаан, сантехник, шугам сүлжээ бусад тоног төхөөрөмжид осол, гэмтлийн шинж тэмдэг илэрвэл эзэмшүүлэгч болон холбогдох этгээдэд нэн даруй мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээг авах;

            3.2.8.гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд холбогдох ашиглалтын зардал, төлбөр тооцоог дуусгавар болгож, орон сууцыг анх хүлээн авсан байдлаар нь 3 хоногт хүлээлгэн өгөх, өөрийн өмчлөлийн салгаж болох эд зүйл, тоноглолыг авч гарах,;

            3.2.9.эзэмшигч нь орон сууцыг бусдад барьцаалах, түрээслүүлэх, дамжуулан түрээслүүлэх, хөлслүүлэх, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн төлбөртэй болон төлбөргүйгээр бусдад ашиглуулахгүй байх;

            3.2.10.орон сууцны ашиглалтын явцтай энэ гэрээний 2.1.2-т заасны дагуу эзэмшүүлэгчийг танилцах, шалгалт хийх боломжоор хангах. 

ДӨРӨВ.ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ

4.1.Дараах нөхцөлд гэрээ дуусгавар болно:

4.1.1.гэрээний хугацаа дуусгавар болсноор;

4.1.2.гэрээг цуцалснаар;

4.1.3.хууль болон журамд заасан бусад үндэслэлээр.

4.2.Гэрээ нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаанаас өмнө дуусгавар болж болно.

4.3.Талууд гэрээ дуусгавар болсноос хойш ажлын таван өдрийн дотор гэрээг дүгнэж, акт үйлдэнэ.

4.4.Дараах тохиолдолд нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцална:

           4.4.1.орон сууц эзэмшигч нь албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, огцорсон зэргээр тухайн шүүх, шүүхийн захиргааны байгууллагад ажиллахаа больсон;

                        4.4.2.эзэмшигч, түүний гэр бүлийн гишүүн өөрийн орон байртай болсон, эсхүл орон сууцны дэмжлэгт хамрагдсан;

                        4.4.3.гэрээний 3.2-т заасан үүргийг зөрчсөн;

            4.5.Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах тохиолдолд эзэмшигчид энэ тухай 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

4.6.Албаны орон сууц эзэмшихээр гэрээ байгуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 1 сар хүртэл хугацаагаар гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож, уг хугацаанд гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй бол гэрээг цуцална.

ТАВ. БУСАД

5.1.Эзэмшигч нь гэрээг сунгах тухай хүсэлтийг гэрээний хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл, тухайн шүүхийн Тамгын газарт бичгээр гаргана. Ийнхүү хүсэлт гаргасан нь гэрээний хугацаа, эсхүл албаны орон сууц эзэмших хугацааг сунгах үндэслэл болохгүй.  

5.2.Гэрээг сунгах эсэх асуудлыг Албаны орон сууц эзэмшүүлэх журамд заасны дагуу шийдвэрлэнэ. Гэрээний сунгалт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

5.3.Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл журмыг шинэчлэн баталсан тохиолдолд түүнд нийцүүлэн энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.

5.4.Эзэмшигч нь гэрээний 3.2-т заасныг зөрчсөн тохиолдолд гэрээг сунгах, дахин гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болно.

5.5.Маргаан гарвал талууд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан эвийн журмаар шийдвэрлэнэ. Талууд хэлэлцэн тохиролцож чадахгүйд хүрвэл хуулийн дагуу шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ.

5.6.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх ба талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно. Эзэмшүүлэгч тал 2, эзэмшигч тал 1 хувийг тус тус хадгална.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

ЭЗЭМШИГЧ:

Албан тушаал
..........................................................

Овог нэр

............................ /_______________/

Регистрийн дугаар...................

Утасны дугаар: .......................

 

 

 

 

 

 

 

ЭЗЭМШҮҮЛЭГЧ:

Албан тушаал
..........................................................

Овог нэр

............................ /_______________/

Тамга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

no
 
 
Судалгааны сан