Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр                                                                                                             Дугаар 26                                                                         Улаанбаатар хот

                       

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын

хүрээлэнгийн дүрэм батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэ дүрмийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг байгуулсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                       

 

ДАРГА                                            Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн

26 дугаар тогтоолын хавсралт

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН

ХҮРЭЭЛЭНГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл (цаашид “Ерөнхий зөвлөл" гэх)-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (цаашид “Хүрээлэн" гэх) нь шүүхийг арга зүй, мэдээлэл, судалгаагаар хангах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, хууль зүйн үргэлжилсэн сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага мөн.

1.2.Хүрээлэн чиг үүргээ бие даан гүйцэтгэх болон зохицуулан холбох аргаар хэрэгжүүлнэ.

1.3.Шүүхийн тухай багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ дүрэмд нийцсэн байна.

 

Хоёр. Хүрээлэнгийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиг үүрэг

 

2.1.Хүрээлэнгийн судалгаа, мэдээлэл, сургалтын бодлогыг Ерөнхий зөвлөл тогтооно.

2.2.Хүрээлэн судалгаа, мэдээлэл, сургалтын байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2.1.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн үр нөлөөний судалгаа хийх;

2.2.2.ерөнхий зөвлөлөөс батлах дүрэм, журам, зааврын төслийг боловсруулахад шаардлагатай судалгаагаар хангах;

2.2.3.бүх шатны шүүхийн шүүн таслах ажлын практикийг салбар эрх зүй, хэрэг, маргааны төрөл бүрээр судалж, шүүх, шүүгчдийг судалгааны мэдээллээр хангах;

2.2.4.шүүхийн захиргааны ажлын практикийг судалж, завсрын болон үр дүнгийн мониторинг хийсний үндсэн дээр бодлогын санал, зөвлөмж боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулахаар Ерөнхий зөвлөлд танилцуулах;

2.2.5.батлагдсан маягтын дагуу шүүхийн статистикийн нэгдсэн мэдээг сар, улирал, хагас, бүтэн жилээр, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, дүн шинжилгээ хийх;

2.2.6.шүүхийн мэдээллийн сан бүрдүүлж, шүүх болон олон нийтийг мэдээллээр хангах;

2.2.7.шүүх судлал, шүүхийн эрх зүйг судлан хөгжүүлж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

2.2.8.арга зүй, мэдээллийн улирал тутмын “Шүүх эрх, мэдэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах;

2.2.9.шүүгч, шүүхийн захиргааны ажилтны үргэлжилсэн сургалтын эрэлт хэрэгцээг судлах, сургалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.2.10.шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх сургалтын агуулгын жишгийг тогтоох, хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг сонгон шалгаруулах мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох шалгуур, үзүүлэлтийг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 24 дүгээр тогтоолоор хассан/

2.2.11.шүүхийн сургагч багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулах;

2.2.12.шүүх эрх мэдлийн салбарын хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны сан бүрдүүлж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагыг мэдээллээр хангах;

2.2.13.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг боловсруулж, Ерөнхий зөвлөлд танилцуулах;

2.2.14.судалгаа, мэдээлэл, сургалтын бусад байгууллагатай хамтран ажиллаж, харилцан мэдээлэлсолилцох;

2.2.15.олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний, онол, практикийн бага хурал, сургалт, семинар зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын хөгжилд дэмжлэг үзүүлэх.

2.3.Энэ дүрмийн 2.2.3-т заасан судалгааг суурь судалгааны үр дүнд тулгуурлан бие даан болон бусдаар захиалан гүйцэтгүүлж болно. Бусдаар гүйцэтгүүлэх судалгааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлнэ.

2.4.Шүүхийн статистикийн мэдээ, тайлан гаргах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

2.5.Ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газарт шүүхийн захиргааны чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэх асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлж болно. Энэ чиг үүргийг зөвлөмж, аргачлал боловсруулах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.6.Бусад байгууллагын захиалгаар судалгаа, сургалт явуулж болно.

 

Гурав. Хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц

 

3.1.Хүрээлэнгийн дүрэм, бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг Ерөнхий зөвлөл тогтооно.

3.2.Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор захирлыг Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө. 3ахирал Ерөнхий зөвлөлд ажлаа тайлагнана. Хүрээлэнгийн захирал эрдмийн зэрэгтэй байна.

3.3.Хүрээлэнгийн ажилтныг захирлын саналыг үндэслэн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

3.4.3ахирал Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна.

3.5.Захирал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.5.1.Хүрээлэнгийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах;

3.5.2.Хүрээлэнгийн судалгаа, мэдээлэл, сургалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн гүйцэтгэх;

3.5.3.Хүрээлэнг шүүх, шүүхийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хангах;

3.5.4.бусад.

3.6.Ажилтны эрх, үүргийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр нарийвчлан тодорхойлно.

3.7.Хүрээлэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан шүүхийн төрөлжсөн номын сантай байна. Номын сангийн ажиллах журмыг Хүрээлэнгийн захирал батална.

3.8.Хүрээлэн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.9. Хүрээлэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байж болно. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий зөвлөлийн дарга батална.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 24 дүгээр тогтоолоор нэмсэн/

Дөрөв.Хүрээлэнгийн санхүүжилт

 

4.1.Хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг Ажлын албанаас санхүүжүүлнэ.

 4.2.Хүрээлэнгийн санхүүжилтийг Ажлын албаны жил бүрийн төсөвт тусгана.

Тав.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

5.1.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ерөнхий зөвлөлд уламжилж, шийдвэрлүүлнэ.

 

--о0о—

no
 
 
Судалгааны сан