Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

     Журам, жагсаалт, маягт батлах тухай

 

              Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 20 дугаар зүйлийн 20.4, 31 дүгээр зүйлийн 31.2, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

            1. “Монгол Улсын шүүхийн төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-ыг 1 дүгээр, “Шүүхийн албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ыг 2 дугаар, “Шүүхийн төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг 3 дугаар, “Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааны маягт”-ыг 4 дүгээр, “Нууц хамгаалах ажилтан болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалд нэр дэвшигчийн анкет”-ыг 5 дугаар, “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийн маягт”-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 

            2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д тус тус үүрэг болгосугай. 

              3. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

              4. Тогтоолыг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                        Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн
56 дугаар тогтоолын 1 дүгээр  хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ

НУУЦЫГ ХАМГААЛАХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Бүх шатны шүүх, шүүхийн захиргааны байгууллагад төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг нууцлах, ил болгох, нууцтай танилцах, хадгалах, хамгаалах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль,  Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3. Төрийн болон албаны нууцыг хамгаалахдаа энэ журмаар зохицуулаагүй харилцаанд Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам” /цаашид “Нийтлэг журам” гэх/-ыг дагаж мөрдөнө.

Хоёр. Нууцад хамааруулах мэдээлэл

2.1. Шүүхийн хэмжээнд төрийн нууцад хамааруулах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын “ю”-д зааснаар тодорхойлно.

2.2. Шүүхийн албаны нууцад хамааруулах мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/ тогтооно.

Гурав. Нууц хамгаалах ажилтан

3.1. Нийтлэг журамд заасан шаардлага хангасан ажилтныг эрх бүхий байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа Шүүхийн тамгын газрын /цаашид “Тамгын газар” гэх/ даргын тушаалаар нууц хамгаалах ажилтнаар томилох ба нууц хамгаалах ажилтны чиг үүрэг, хариуцлагыг ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгана.

3.2. Нууц хамгаалах ажилтан Тамгын газарт нэг байна. Дүүргийн шүүхийн тамгын газарт нууц хамгаалах ажилтан нэмж томилж болно.  

3.3. Нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхэд Тагнуулын байгууллагын саналыг авсан байна.

3.4. Нууц хамгаалах ажилтан нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүрэг хүлээж, нийтлэг журмын 2.6-д заасан эрх эдэлнэ. 

3.5. Нууц хамгаалах ажилтанд Засгийн газраас баталсан журмын дагуу цалингийн нэмэгдэл олгоно.

3.6. Нууц хамгаалах ажилтныг эзгүй байх тохиолдолд түүний тодорхой чиг үүргийг тамгын газрын дарга гүйцэтгэх ба энэ тохиолдолд нууц баримт бичиг, бусад тээгчийг бүртгэн хүлээлцэж, нотломж үйлдэнэ.

3.7. Нууц хамгаалах ажилтан жил бүрийн 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад хүргүүлэх мэдээллийг боловсруулж тамгын газрын даргын албан бичгээр хүргүүлнэ. 

Дөрөв. Нууцад хамаарах мэдээллийг нууцлах, ил болгох

4.1. Нууц хамгаалах ажилтан энэ журмын 2 дугаар зүйлд заасан мэдээллийг нууцална.

4.2. Нууц баримт бичиг, бусад тээгчид холбогдох журмын дагуу тэмдэглэгээ тавина. Мэдээллийг нууцлах хугацааг түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс тооцно.

4.3. Баримт бичиг, бусад тээгчийн нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын “ю”, шүүхийн албаны нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг үндэслэн тогтооно.

4.4. Нууц баримт бичиг, бусад тээгч тус бүрд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу нийтлэг журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Нууцын зэрэглэлийн тэмдэглэгээний дардас тавьж бэхжүүлнэ.

4.5. Баримт бичигт бүртгэлийн дугаарыг түүний бүх хувь, хавсралтад тэмдэглэнэ. Баримт бичгийн бүртгэлийн дугаарыг давхардуулахгүй.

4.6. Нууц баримт бичиг, бусад тээгчид тэмдэглэгээ тавихтай холбоотой бусад харилцааг нийтлэг журмын 3.4-т зааснаар зохицуулна.  

4.7. Тамгын газар өөр дээрээ хадгалагдаж байгаа төрийн болон албаны нууц баримт бичиг, бусад тээгчийн хадгалах хугацаанд хяналт тавих бөгөөд тэдгээрийг ил болгох, эсхүл нууцлах хугацааг сунгах эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлд мэдэгдэж, хууль, нийтлэг журмын 3.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.

4.8. Албаны нууцад хамаарах шүүхийн барилга, байгууламжийн схем зургийн жагсаалтыг Ерөнхий зөвлөлийн дарга батална.

Тав. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгох

5.1. Төрийн нууцтай танилцах эрхийг тамгын газрын даргад Ерөнхий зөвлөлийн дарга, ажилтанд Тамгын газрын дарга тагнуулын байгууллагын зөвшөөрлийг үндэслэн олгоно.

5.2. Нууц хамгаалах ажилтан төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтад орсон албан тушаалтнаас (шүүгчээс бусад) аюулгүй байдлын шалгалтад орохыг өөрөө зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг хүлээн авч, томилогдсон тушаал, холбогдох бусад баримт бичиг (иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, боловсролын гэрчилгээ, диплом ... зэрэг)-ийг бүрдүүлэн биечлэн материалыг хянаж, албан бичгийн хамт дугтуйнд хийж битүүмжлэн аюулгүй байдлын шалгалт хийлгэхээр тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

5.3. Тамгын газрын дарга нууц хамгаалах ажилтныг томилохдоо энэ журмын 5.2-т заасан зохицуулалтыг баримтална.

5.4. Нууц хамгаалах ажилтан холбогдох этгээдээс дараах байдлаар баталгаа гаргуулна.

            5.4.1. Энэ журмын 5.2-т заасан албан тушаалтнаас төрийн нууцтай танилцах эрх олгогдсоны даруйд, шүүгчээс албан тушаалд томилогдсоны дараа Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг гаргуулан авна.   

            5.4.2. Төрийн нууцад хамаарах асуудлыг хэлэлцсэн хаалттай шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны оролцогч, хамгаалалтын цагдаад хууль журам танилцуулж, төрийн нууц задруулахгүй байх баталгааг гаргуулан авна.

            5.4.3. Төрийн болон албаны нууцтай танилцах албан тушаалтны албаны буюу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээн авч, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргуулан авч, тухайн нууц ил болох хүртэлх хугацаанд хадгална.

5.4.4. Албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас томилогдсон даруйд  нууц задруулахгүй байх баталгаа гаргуулан авна.

Зургаа. Нууцын албан хэрэг хөтлөлт

6.1. Шүүхийн нууцын албан хэрэг хөтлөлтийг нууц хамгаалах ажилтан хууль, нийтлэг журамд заасны дагуу гүйцэтгэнэ.  

6.2. Нууц хамгаалах ажилтан нууцын албан хэрэг хөтлөлтөд нийтлэг журмын 1 дүгээр хавсралтаар баталсан дардасны загвар 1-6, 2 дугаар хавсралтаар баталсан маягт 1, 3-4, 7-14, 19-22-г ашиглана.

6.3. Нууцын бүртгэлийн дэвтэр нь хавтаслан үдсэн, хуудас бүрийг дугаарласан, хамгийн сүүлийн хуудас дээр нийт хуудасны тоог зааж, нууц хамгаалах ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  

6.4. Баримт бичгийн бүртгэлийн дугаарыг хуанлийн жилийн хугацаанд дараалан олгоно.

6.5. Нууц хамгаалах ажилтан шүүхэд ирсэн нууцад хамаарах хэрэг, баримт бичиг, нууц тээгчийг хүлээн авахдаа хаяг үнэн зөв эсэх, дугтуй, хайрцаг сав, баглаа боодол задарсан, лац, тэмдгийн дардас бүрэн эсэх, илгээгчийн нэр, дугаар нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр хүлээн авч бүртгэнэ.

6.6. Сав баглаа боодол задарсан, гэмтсэн, дардасгүй, тэмдэггүй шуудан хүлээн авсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шуудан хүргэж ирсэн хүн болон хүлээн авсан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан бүртгэлд тусгаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, энэ тухай нэн даруй Тамгын газрын дарга болон тагнуулын байгууллагад мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд илгээгч байгууллагад мэдэгдэж шалтгаан, нөхцөлийг тогтоох, тэмдэглэлийн хувийг илгээгчид хүргүүлэх арга хэмжээ авна.

6.7. Нууц хамгаалах ажилтан нууцын зэрэглэлтэй баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан техник хэрэгсэл дээр боловсруулж холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад биечлэн хүлээлгэж өгнө.

6.8. Төрийн нууцад хамаарах хэрэг, баримт бичиг, нууц тээгчтэй танилцах этгээдэд энэ журмын дагуу нууцын зэрэглэлийн түвшнээр танилцуулж, батлагдсан маягтын дагуу бүртгэлд тэмдэглэж, гарын үсэг зуруулна. Албан тушаалтан нууц баримт бичигтэй зөвхөн ажлын байранд танилцаж, ашиглана.

6.9. Нууц баримт бичиг, бусад тээгчийг устгах, шилжүүлэх, хүлээлцэхэд нийтлэг журмыг мөрдөнө.

6.10. Нууц баримт бичгийг нууцад хамаарахгүй баримт бичигтэй хамт эмхэтгэх, хадгаламжийн нэгж үүсгэхийг хориглоно.

6.11. Нууц хамгаалах ажилтан төрийн нууцад хамаарах асуудал шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр /шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол/-ийн дугаар, огноо, шүүх бүрэлдэхүүн, хэргийн дугаар, шүүх хуралдаанд оролцогчид, хэргийн нууцын зэрэглэл, тогтоох хэсгийн товч танилцуулгыг бэлтгэж, бүртгэлд бүртгэн, шүүхийн архивын ажилтанд  холбогдох журмын дагуу хүлээлгэн өгнө.

6.12. Нууц баримт бичгийн архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой энэ журам болон нийтлэг журамд зааснаас бусад харилцааг албан хэрэг хөтлөлт болон архивын холбогдох журмын дагуу зохицуулна.

Долоо. Нууц мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах систем, сүлжээ, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах

7.1. Нууц мэдээлэл агуулсан компьютерын нэвтрэх түлхүүр үгийг “Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасан шаардлагын дагуу боловсруулж битүүмжлэн нууц хамгаалах ажилтанд хадгалуулна.

7.2. Төрийн нууцад хамаарах баримт бичиг, эд зүйлийг боловсруулах техник, хэрэгслийг галын болон бусад эрсдэлээс хамгаалсан тусгай өрөө, сейфт хадгална.

7.3. Нууц мэдээллийг цахим хэлбэрээр зөөвөрлөх тээгчийг түлхүүр үгээр цоожилно.

7.4. Тамгын газар нь тагнуулын байгууллагаас баталгаажуулсан мэдээллийн систем, сүлжээ, программ, техник хэрэгслийг төрийн нууцад хамаарах мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагаанд ашиглана.

7.5. Нууц мэдээлэл агуулж байгаа компьютер, техник хэрэгсэл нь хувийн хэрэгтэй байна.

Найм. Нууцын биет хамгаалалт

8.1. Тамгын газрын дарга нууцын биет хамгаалалтын хүрээнд шүүхийн байранд хаалганы цоож, лац, сейф, төмөр шүүгээ, цонхны тор, орох гарах хаалганы хяналт, нэвтрэх автоматжуулсан систем, дохиолол, харуул хамгаалалт, ажиглалт, хяналтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

8.2. Тамгын газрын дарга нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтанд баримт бичиг хадгалах зориулалтын сейф, хувийн дугаартай лацны тэмдэг олгоно. Албан хаагч лацны тэмдэг, сейфийн түлхүүрийг үрэгдүүлсэн тохиолдолд нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэж солиулна. Ажлын бус цагт Төрийн нууц баримт бичиг, бусад тээгч хадгалж байгаа өрөө, тасалгаа, агуулахын хаалгыг цоожилж лацадна.

8.3. Нууц баримт бичиг, бусад тээгчийг зориулалтын өрөө, тасалгаа, сейф, төмөр шүүгээ, тусгай агуулах, хайрцагт хадгалах ба зөвшөөрөлгүйгээр бусад албан тушаалтан, иргэнийг нэвтрүүлэхгүй.

8.4. Төрийн нууц баримт бичиг, бусад тээгч хадгалж байгаа өрөө, тасалгааны  орох хаалганы дэргэд дүрст хяналтын системтэй байна.

8.5. Төрийн нууц баримт бичиг, бусад тээгч хадгалж байгаа өрөө, тасалгаа, агуулах, сейф, шүүгээний цоожны нөөц түлхүүр, нууц кодыг дугтуй, хайрцагт хийж битүүмжлэн лацдаж, нууц хамгаалах ажилтанд хадгалуулна.

8.6. Төрийн нууц баримт бичиг, бусад тээгч хадгалж байгаа өрөө, тасалгааны цэвэрлэгээ, засвар, үйлчилгээг зөвхөн тухайн өрөө, тасалгаанд суух нууц хамгаалах ажилтныг байлцуулан гүйцэтгэнэ.

8.7. Нууцын биет хамгаалалттай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, төсвийг шүүхийн төсөвт тусгана.

Ес. Шүүх хуралдааныг хаалттай явуулах

9.1. Нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг холбогдох хуульд заасны дагуу бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна.

9.2. Төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцсэн хаалттай шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцыг төрийн нууцтай танилцах эрх олгогдсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, шүүхийн серверт холбогдоогүй төхөөрөмжөөр дууны, эсхүл дуу-дүрсний бичлэг хийж баталгаажуулна.

9.3. Төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд хууль журмын дагуу төрийн нууцтай танилцах эрх олгогдсон буюу төрийн нууц задруулахгүй байх баталгаа гаргасан албан тушаалтан, хэргийн оролцогч, иргэнийг оролцуулах асуудлыг хуульд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

Арав. Нууцын хамгаалалтад тавих хяналт

10.1. Нууцын хадгалалт, хамгаалалтад тухайн Тамгын газрын дарга хяналт тавина.

10.2. Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хүрээнд шүүхийн албаны нууцын хадгалалт, хамгаалалтад Ерөнхий зөвлөл хяналт тавина.

10.3. Нууцын хадгалалт хамгаалалтад хяналт тавихдаа тагнуулын байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авна.

10.4. Тамгын газрын дарга Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тагнуулын байгууллагаас санал авч батална.

10.5. Нууц хамгаалах ажилтан нь төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас хувийн болон албаны хэргээр гадаад улсад зорчих болон зорчсон тухай илтгэх хуудсыг гаргуулан авч, хууль журамд заасан зохих ажиллагааг хийнэ.

Арван нэг. Бусад зүйл

11.1. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүргийг Тамгын газрын дарга хариуцна.

11.2. Ерөнхий зөвлөл, тамгын газар нь төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн талаар сургалт тогтмол зохион байгуулна.   

11.3. Төрийн болон албаны нууцтай ажил үүргийнхээ хувьд болон зохих журмын дагуу танилцсан шүүгч, ажилтан түүнийг бусдад задруулж, энэ журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтан ногдуулна.

 

--оОо--

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн
56 дугаар тогтоолын 2 дугаар  хавсралт

 

 

ШҮҮХИЙН АЛБАНЫ НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

 

Д/д

Албаны нууцад хамаарах мэдээлэл

 
 

1

Зөвлөлдөх тасалгаанд шүүгчийн гаргасан санал

 

2

Албаны, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулсан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу эсхүл дуу-дүрсний бичлэг, холбогдох мэдээлэл

 

3

Шүүхийн цахим мэдээллийн систем, өгөгдлийн сан, программ хангамжийн эх код, сервер, шилэн кабелийн сүлжээ, аюулгүй байдлыг хангах шийдэл, тэдгээрийн тохиргоо, нууц түлхүүр үг  

 

4

Шүүгчийн хувийн хэрэг, шүүхийн хүний нөөцийн программ, тухайн шүүгчийн цалингийн нийт хэмжээ

 

5

Шүүхийн барилга, байгууламжийн схем зураг болон аюулгүйн дохиолол хамгаалалтын схем зураг

 

6

Албаны нууцад хамаарах асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шийдвэр, бусад нууц тээгч

 

7

Албаны нууцад хамаарах асуудлаар төрийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцсан албан бичиг

 

8

Төрийн болон албаны нууцад хамаарах баримт бичиг, нууц тээгчийг хүлээлцсэн, шилжүүлсэн нотломж

 

9

Онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөө  

 

10

Байгууллага, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцын хяналт шалгалт, үзлэг тооллого хийсэн тухай мэдээлэл

 

11

Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээлэл

 

12

Төрийн болон албаны нууц баримт бичгийн бүх төрлийн бүртгэлийн дэвтэр

 

 

 

--оОо--

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн
56 дугаар тогтоолын 3 дугаар  хавсралт

 

ШҮҮХИЙН ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦТАЙ ТАНИЛЦАХ ЭРХ БҮХИЙ

АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ

Д/д

Албан тушаал

Нууцтай танилцах эрхийн түвшин

1 дүгээр түвшин

(“онц чухал нууц”, “маш нууц”, “нууц” зэрэглэлийн мэдээлэл)

2 дугаар түвшин

(“маш нууц”, “нууц” зэрэглэлийн мэдээлэл)

3 дугаар түвшин (“нууц” зэрэглэлийн мэдээлэл)

1

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч[1]

+

 

 

2

Шүүхийн тамгын газрын дарга

 

+

 

3

Нууц хамгаалах ажилтан

+

 

 

4

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга[2]

+

 

 

5

Шүүгчийн туслах[3]

 

+

 

6

Шүүхийн захиргааны бусад ажилтан[4]

 

 

+

 

 

 

--оОо--

 

 

 

[1] Зөвхөн хянан шийдвэрлэх тодорхой хэрэг, маргааны тухайд

[2] Зөвхөн төрийн нууцад хамаарах мэдээлэл хэлэлцэх шүүх хуралдааны тухайд

[3] Зөвхөн хянан шийдвэрлэх тодорхой хэрэг, маргааны тухайд

[4] Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн
56 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ЗАДРУУЛАХГҮЙ БАЙХ БАТАЛГАА

 

..... оны .... сарын .... өдөр                                                                                                                                                                                                                                                      ..................................

                                                                                                                                                                                                                                                                                               (хот, аймаг, дүүрэг, сум)

 

            Монгол Улсын иргэн .............................................. регистрийн дугаартай, ................................................-ын ......................................................... би албан тушаал, ажил үүргийн дагуу танилцсан, эсхүл мэдсэн төрийн болон албаны нууцыг чанд хадгалж, хамгаалахаа баталж байна.

                     Хэрэв би өөрт танилцуулагдсан төрийн болон албаны нууцыг задруулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээхийг ухамсарлаж байна.

 

Нэг. Төрийн болон албаны нууцын тухай хууль

39 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

              39.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, зөрчлийн болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

           39.2.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараахь хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

                39.2.1.энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

                  39.2.2.энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.

 

Хоёр. Зөрлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль

 15.14 дүгээр зүйл.Төрийн нууцын тухай хууль зөрчих

1.Хуульд заасан:

                1.1.төрийн нууцад хамааруулах;

                1.2.төрийн нууцтай танилцах;

                1.3.төрийн нууцыг нууцлах, эсхүл ил болгох;

            1.4.төрийн нууцыг шилжүүлэх, эсхүл хамгаалах дэглэмийг хангах талаархи тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан, эсхүл хувийн зорилгоор ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гурав. Эрүүгийн /Шинэчилсэн найруулга/ хууль

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

           1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                    2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

19.11 дүгээр зүйл.Төрийн нууцыг хууль бусаар олж авах

                1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.12 дугаар зүйл.Төрийн нууцыг задруулах

              1.Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                 2.Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

19.13 дугаар зүйл.Төрийн нууцыг үрэгдүүлэх

          1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2.Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал-маш нууцыг үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

БАТАЛГАА ГАРГАСАН:  ...................................... ( ................................... )

                                                                                              (гарын үсгийн тайлал)

 

 БАТАЛГАА АВСАН: ........................................... ( ..................................... )

                                                                                               (гарын үсгийн тайлал)

(нууц хамгаалах ажилтан)

                                                                                      (тэмдэг дарж баталгаажуулна)

 

--оОо--

 

 

 

 

 

 

                                                       

 

 
 
Судалгааны сан