Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ТУШААЛ

 

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр                                                                 Дугаар 23                                                                                                       Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсын сургалтад хамруулах журмыг 1 дүгээр хавсралтаар, бүртгэлийн маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.  

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д үүрэг болгосугай.

3.Тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.                                 

 

 

ДАРГА                                  Э.БАТБАЯР

 

Шүүхийн  ерөнхий  зөвлөлийн даргын 

 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн

23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫГ

ГАДААД УЛСЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/ болон гадаад улс орны ижил төстэй байгууллага эсхүл олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй сургалтад /цаашид “гадаад сургалт” гэх/ Монгол Улсын шүүхийн шүүгч /цаашид “шүүгч” гэх/, шүүхийн захиргааны ажилтан /цаашид “ажилтан” гэх/-ыг сонгох үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, болон “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрэм” зэрэг бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Баримтлах зарчим

2.1. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсад сургалтад хамруулахад дараах зарчмыг баримтална:

2.1.1. ил тод, нээлттэй байх;

2.1.2. тэгш, хүртээмжтэй байх;

2.1.3. хараат бус, шударга байх.

Гурав.Шалгуур үзүүлэлт

3.1.Гадаад улсын сургалтад хамрагдахаар хүсэлтээ өгсөн шүүгч, ажилтан нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

            3.1.1.Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажилласан байх;

            3.1.2.Үр бүтээлтэй ажилласан байх;

            3.1.3.Сахилгын шийтгэлгүй байх;              

            3.1.4.Ёс зүйн зөрчилгүй байх;

            3.1.5.Ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ “Хангалттай” үнэлэгдсэн байх;

            3.1.6.Эрхэлж буй албан ажлын чиг үүрэг нь сургалтын зорилго, агуулгад нийцсэн байх;

3.1.7.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан гадаад сургалтад 3 жилийн хугацаанд хамрагдаагүй байх;

            3.1.8.Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагыг бусадтай хуваалцах төлөвлөгөөтэй байх;

            3.1.9.Сургалт зохион байгуулагч талаас тавьсан шаардлагыг хангасан байх.

  3.2. Гадаад сургалтад хамрагдах хүсэлтээ өгсөн шүүгч, ажилтныг сонгох аргачлалыг энэ журмын 3.1-т заасан нийтлэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн нэр дэвшигчийн бүртгэлийн маягтад тодорхой заана.

Дөрөв. Бүртгэл, сонгох үйл ажиллагаа

4.1. Гадаад сургалтын бүртгэлийн мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст тухай бүр нээлттэй байршуулж, тухайн шүүхээс сургалтад хамрагдах шүүгч, ажилтны тоо, тавигдах шаардлагын талаар Ерөнхий зөвлөлөөс шүүхийн тамгын газруудад чиглэл хүргүүлнэ.

4.2.Журамд заасан шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг хангаж буй шүүгч, ажилтнуудын хүсэлтийг тухайн шүүхийн хамт олны хурлаар хэлэлцэж, Ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн чиглэлд заасан тоонд багтаан хамгийн олон санал авсан шүүгч, ажилтны нэрийг Ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжид тогтоосон хугацаанд ирүүлнэ.

 

4.3. Гадаад улсын сургалтад хамрагдах шүүгч, ажилтныг цахимаар бүртгэх ба бүртгэлийн маягт, холбогдох баримтыг үнэлэх, сонгох ажлыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг 14 хоногийн дотор зохион байгуулж, чиг үүрэг хариуцсан гишүүнд танилцуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар зохих шийдвэр гаргуулна.

4.4. Нэр дэвшигчийг сонгохдоо энэ журмын 3.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангаж буй байдлыг харгалзана.

4.5. Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчтэй ярилцлага хийх ба ярилцлагын үр дүнг сонгох үйл ажиллагаанд харгалзан үзэж болно.

Тав. Сургалтад хамрагдах шүүгч, ажилтны үүрэг

5.1. Монгол Улсын болон шүүхийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах, сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, шүүгч, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих.

5.2. Сургалтад хамрагдах гэж буй тухайн улсын талаарх мэдээлэлтэй байх, өмнө туршлага судалсан талаарх тэмдэглэл, тайланг судлах.

5.3. Гадаад сургалтад хамрагдаж буй хугацаанд тухайн улсын түүх соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, биеэ зүй зохистой авч явах.

5.4. Эмнэлгийн үзлэгт хамрагдаж, хувийн бэлтгэл хангасан байх.

5.5. Шүүгч, ажилтан амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

5.6. Шүүгч, ажилтан сургалтын хугацаанд таньж мэдсэн мэдлэг, туршлагын талаарх тайлан, илтгэх хуудсыг буцаж ирснээс хойш ажлын 7 хоногийн дотор тухайн сургалтын гарын авлага, холбогдох материалын нэг хувийн хамт шүүхийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжид ирүүлж, тайлагнана.

5.7 Гадаад сургалтад хамрагдаж туршлага судалсан талаарх мэдээллийг тухайн шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалтаас буцаж ирснээс хойш ажлын 14 хоногийн дотор мэдээллийг хүргэж энэ тухай илтгэх хуудсыг шүүхийн гадаад харилцаа хариуцсан нэгжид ирүүлнэ.

Зургаа.Бусад

6.1. Шүүхийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж сургалтад хамрагдах шүүгч, ажилтанд тухайн сургалтын талаар болон шаардагдах бусад мэдээллийг өгсөн байна.

6.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас гадаад сургалтаар тухайлан судлах зүйлийн жагсаалт, асуултыг гаргаж болно.

6.3. Гадаад сургалтыг ахалж яваа шүүгч, ажилтан сургалтын явцын талаарх мэдээ, мэдээллийг тухай бүр шүүхийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.

6.4. Сургалтын ахлагч сургалтад хамрагдаж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулах талаар үүрэг, чиглэл өгөх бөгөөд ёс зүй, харилцаа хандлагад хяналт тавина.

6.5. Сургалт зохион байгуулагч улс, олон улсын байгууллага, санхүүжүүлэгчийн зүгээс гадаадад сургалтад хамрагдах шүүгч, ажилтныг сонгох тохиолдолд энэ журмын холбогдох заалтыг баримтална.

 

 

о0о 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
Судалгааны сан