Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Шүүх хуралдаан удирдах ур чадвар- I” сургалтыг зохион байгуулав.

Шүүгчийн шүүх хуралдааныг үр нөлөөтэй удирдах онол арга зүйн болон практик мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох замаар шүүх хуралдааныг удирдах шүүгчийн арга барил, чадварт үнэлгээ өгөх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилго бүхий тус  сургалтад нийслэл болон орон нутаг дахь анхан шатны шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Сургалтын эхэнд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг Монгол улсад шинэ шүүгчийг бэлтгэх сургалтын хэрэгцээ шаардлагыг олон улсын шинжээчдийн судалгаанд онцолсныг дурдаад “Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн дагуу анх удаа зохион байгуулж байгаа шүүгчийн шүүн таслах чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдлэг, дадлага, ур чадварыг олгох тус сургалт сургалтын ач холбогдол, анхаарах асуудал, цаашид чанаржуулан сайжруулах арга хэлбэрийн талаарх бодит үнэлгээгээ харамгүй илэрхийлэхийг шүүгчдээс хүссэн юм.

 

 

Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I сургалтын хөтөлбөр нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн  даргын 2019 оны  71 дүгээр тушаалаар батлагдсан бөгөөд  эрүү, иргэний хэргийн дагнасан чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

 

 

Сургалтыг ахмад шүүгч М.Наранцэцэг “Шүүх хуралдаан удирдах үндсэн ойлголт” сэдвийн хүрээнд Шүүх хуралдааны үндсэн зарчим, нийтлэг журам, онцлог, Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, Шүүх хуралдааны танхимд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь, Шүүхийн аюулгүй байдал, Шүүх хуралдааны даргалагчийн үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь, Шүүх хуралдаан удирдахад анхаарах сэтгэл зүйн онцлог,   Шүүх хуралдааны явцад шүүгчийн гаргадаг нийтлэг алдаа, дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь” Шүүх хуралдаанд хэргийн оролцогчидтой харилцах харилцаа хандлага сэдвийн хүрээнд “Шүүх хуралдаанд оролцогч, тэдгээрийн зан төлөв, онцлог, Шүүх хуралдаанд оролцогчийн сэтгэл зүйн байдлыг танин мэдэх нь, Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчидтой харилцах нь,  Шүүгчийн харилцааны элемент: Үгэн ба үгэн бус харилцаа, идэвхтэй сонсох чадвар” сэдвүүдээр  тус тус удирдан явууллаа. 

Сургалтын төгсгөлд оролцогчид загварчилсан шүүх хуралдаан удирдаж, тодорхой тохиолдол дээр дүрд тоглож, дүн шинжилгээ хийж, шүүх хуралдаан удирдах сайн туршлагаа хуваалцав.

 

 

Сургалтад оролцсон шүүгчид хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг хангах юм.

Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I сургалтын хоёрдугаар ээлж маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн чиглэлээр зохион байгуулагдана. 

 

 

 

                      ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР