Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Академитай хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгууллаа.

Энэхүү Санамж бичиг нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Ингэхдээ ШЕЗ-ийн сургагч багш, Монголын шүүхийн шүүгч, захиргааны ажилтныг ЕАБХАБ-ын Академиас зохион байгуулдаг богино болон дунд, урт хугацааны сургалт, олон улсын мэргэжлийн хурал семинар, дугуй ширээний уулзалтуудад хамруулах, хамтарч зохион байгуулах, “Үндсэн хууль-Хүний эрх”, “Шүүгчийн ёс зүй” сэдвээр тусгайлсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх зэргээр хамтран ажиллахаар Санамж бичигт тусгаж өгөв.

 

Санамж бичигт Монголын талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, ЕАБХАБ-ын талаас тус байгууллагын Бишкек дэх Хөтөлбөрийн газрын Тэргүүн Элчин сайд, Профессор Пьерре Вон Аркс болон  Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо төвтэй ЕАБХАБ-ын Академийн захирал Профессор Александр Волтерс нар гарын үсэг зурав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР