Шүүхийн ерөнхий зөвлөл, Дэлхийн банк бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн хүрээнд “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтын онцлог, Монгол Улсын хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн тухай хууль болон бусад олон улсын жишиг хуулиудын харьцуулалт” сургалтыг өнөөдөр Монгол Улсын 200 гаруй шүүгчдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

 

    Монгол Улс Дэлхийн банкны “Бизнес хийх таатай орчин” судалгаанд 2019 онд 190 улсаас 88-т жагссан бөгөөд худалдааны холбогдолтой нэг хэргийг дунджаар 374 хоног шийдвэрлэдэг гэсэн байна. Харин Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын 2018 оны “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д 140 улсаас 113-т, маргаан хянан шийдвэрлэх байдлаараа 112-т жагсаж байна.

     Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ялангуяа жижиг дунд бизнесүүдийн хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог. Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь Олон улсын санхүүгийн корпорацаас хэрэгжүүлж буй төслийн гол зорилго юм.

 

     

      Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 онд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

     Энэ хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор хамтын ажиллагаатай олон улсын түншлэгч байгууллагуудтай цөөнгүй тооны сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар