Шүүхийн ерөнхий зөвлөл ээлжит бусаар хуралдлаа. Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтын нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тухай саналыг хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. 

 

           Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын их хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

 

       Төрбатын Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Төмөрбаатарын Бадрах, Эрдэнэчимэгийн Энэбиш,  Дашдоржийн Золзаяа нарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Зоригтын Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

 

Хуулийн лавлагаа:

34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс