Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ыг баталсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.

 

      Тус журмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргасан шүүхийн шийдвэрээ энгийн, ойлгомжтой хэлбэрээр тоймлон тайлбарлах, шуурхай мэдээлэх, түгээхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

 

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргасан шүүхийн шийдвэрээ биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлахад энэ журмыг баримтална.

 

     Шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь шүүхийн шийдвэрийг бичгээр ойлгомжтой байдлаар тайлбарлахдаа шүүхийн шийдвэрийн тойм болон шүүхийн процессын тойм гэсэн хоёр төрлөөр бэлтгэхээр тус журамд заасан. Шүүгчийн бэлтгэсэн тоймыг тухайн шүүхийн Тамгын газар өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээх юм.

 

      Шүүгчдийн бэлтгэсэн тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой, тоймыг олон нийтэд түгээхдээ тоймын агуулга, хэлбэрийг аливаа байдлаар өөрчлөхийг хориглосон байна.

 

“Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-тай танилцана уу.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс