Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн захирал Олег Шаков, шүүхийн захиргааны мэргэжилтэн Брюс Престон нар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, захиргааны албан хаагчдын ажлын хуваарилалт, үйлчилгээний хүртээмжтэй холбоотой үнэлгээ хийв.

 

Энэхүү үнэлгээний үр дүнг нэгтгэх, төслийн хүрээнд 2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн удирдлагуудтай 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уулзаж, санал солилцов.

 

 

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн зүгээс хугацаатай шүүхийн ёс зүй, шүүхийн мэдээлэл харилцааны чиглэлээр 2 жилийн хугацаатай хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн бол энэ удаа шүүгчдийн ёс зүй, шүүхийн захиргааны байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

 

Шүүхийн байгууллагуудад ажиллахдаа хийсэн үнэлгээний талаар “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн шүүхийн захиргааны мэргэжилтэн Брюс Престон: Шүүхэд итгэх олон нийтийн итгэл шүүхийн захиргааны байгууллагын ажилтнаас эхэлнэ. Учир нь иргэд эрхээ хамгаалуулах хүлээлттэй шүүхийн үүдээр ордог. Ороод хамгийн түрүүнд захиргааны ажилтантай харилцдаг. Тухайн ажилтнуудын харилцаа, хандлага, мэдээлэл өгөхөөс эхлээд шүүх иргэдэд хүнд сурталгүй, хүндрэлгүй, ойлгомжтой, хүртээмжтэй байгаа эсэх нь тодорхойлогддог. Тиймээс шүүхийн захиргааны ажилтнуудыг нэгдсэн сургалтаар нэг ойлголттой болгож, зөрүүтэй мэдээлэл иргэдэд өгөхгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. Монгол Улсын шүүх байгууллагын ажилтнууд ажлын ачаалал ихтэй санагдсан. Тиймээс стрессийн менежмент, сэтгэл зүйн сургалтууд зайшгүй шаардлагатай. Мөн 12 шүүгчийн туслахаас багахан судалгаа авахад 2 туслах л 2 жилээс дээш хугацаанд ажиллаж байна. Энэ нь ажлын хэт ачааллаас хамаарсан, хүний нөөц тогтворгүй байгааг илтгэж байна. Аль ч улс орны шүүхийн ажилтнууд ажлын онцлог, ачаалалтай холбоотойгоор стресс өндөртэй байдаг тул хүн хоорондын харилцаа, шинээр ажилд орж буй ажилтнуудад чиг үүргийн дагуу хэрхэн ажиллах талаар цогц сургалтыг зохион байгуулах хэрэгтэй.

 

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн захирал Олег Шаков: Манай төслийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Сургагч багш хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх саналтай байна. Энэ хүрээнд захиргааны ажилтнуудад чиглэсэн үе шаттай сургалтуудыг хэрэгжүүлэх нь хүний нөөцийг илүү тогтвортой болгох үндэс болно.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа: “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хамтын ажиллагааны зорилго нь шүүхийн хүний нөөцийг хөгжүүлэх, шүүхийн захиргааны үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар шүүх эрх мэдлийг байгууллагын бие даасан  байдлыг бэхжүүлэх юм. Төслийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэсэн нэг, хоёр удаагийн сургалтаас илүүтэйгээр системтэй, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урт хугацааны үр дүнг бий болгох саналтай байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах: Сүүлийн үед шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэсэн стресс менежмент зайлшгүй шаардлагатай болж байна. Ялангуяа эрүүгийн шүүхийн шүүгчийн туслах гэмт хэргийн хавтаст хэрэгтэй танилцах, судлахтай холбоотойгоор тухайн хэргийн нарийвчилсан тэмдэглэлээс траума авах, сэтгэл зүйн гэмтэлтэй болох зэрэг асуудал тулгарч байна. Иймд мэргэжлийн сэтгэл зүйн үе шаттай сургалтуудыг явуулахад олон улсын туршлага, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал: Шүүх эрх мэдлийн байгууллага дотоод чадавхаа бэхжүүлэхээс гадна гадагшаа буюу олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах, шүүхийн талаарх мэдээллийг зөв, ойлгомжтой хүргэх нь иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал үзүүлэлт болоод байна. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодорхой бодлого боловсруулан шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудад чиглэсэн ур чадвар, практик мэдлэгийг нэмэгдүүлэх талаар төсөл хөтөлбөрт тусгах саналтай байна.

 

Талууд харилцан санал, солилцсоны үр дүнд “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд “Сургагч багш хөтөлбөр”-ийг үе шаттай хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Ингэхдээ холбогдох талуудаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, нэгдүгээрт сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, хоёрдугаарт шүүхийн үйлчилгээний стандартыг тогтоож шүүгч, захиргааны албан хаагчдын харилцааны чиглэлээр сургалт явуулах, мөн шүүхийн үйлчилгээг ялангуяа эмэгтэйчүүд, охид болон шүүхээр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх, гуравдугаарт шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан манлайлал, үр дүнд суурилсан удирдлага, хямрал, зөрчилдөөний үед хэрхэн удирдлагаар хангах, хэрхэн хяналтыг сайжруулах чиглэлээр тус тус системчилсэн сургалт хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, гишүүн О.Жанчивнямбуу, гишүүн М.Мөнхдаваа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн суурин удирдагч С.Билгүүн, төслийн зөвлөх Д.Зүмбэрэллхам нар оролцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ