2023.04.14 12 цаг 00 минут. Өглөөний 10:00 цагт Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд шүүх хурал нь товлогдож асуудлаа шийдвэрлүүлэхээр ирсэн 70 гаруй насны эрэгтэй. Давчуу зай талбай, агааргүй, чимээ ихтэй орчноос үүдэж бухимдсан байв.

 

       Эрэгтэйн ойролцоо 10 аад шүүгчийн туслах мөр мөрөө түшин зэрэгцээ сууж хэргийн оролцогчид мэдээлэл өгөх бөгөөд хэт ойр байгаагаас үүдэж нэг хэргийн оролцогчийн бухимдал, гаргаж буй үйлдэл хажууд нь суух хэргийн оролцогчид шууд нөлөөлж буй нь харагдана. Мөн шүүгчийн туслахуудын утас байн байн дугарах бөгөөд тэднээс өдөрт 200 гаруй хүн биеэр болон цахимаар эсвэл утсаар ийнхүү мэдээлэл лавладаг аж. Дөрвөн хүн явахад шахцалдах коридор, хоёр хүн зөрөх боломжгүй нойл, агааргүй орчин, стресстэй хүмүүс бүхий ийм л газар шүүх хурал явагдаж, иргэд болон ажилчдын эрх зөрчигдсөөр байна.

 

      Шүүхийн байр шүүх танхимын хүрэлцээгүй байдлаас сүүлийн жилүүдэд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөж буй явдал гарах болсон. Иймд бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн орчин нөхцөл ямар байгаа. Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж буй асуудлыг хөндөж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

 

ВИДЕО: 

 

       1980 онд банкны зориулалтаар баригдсан байранд Хан-Уул дүүргийн шүүх толгой хорогдож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь одоогоос нэлээд олон жилийн өмнө актлагдсан хэзээ ч нурж магадгүй байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40 жилийн хугацаанд хүн амын өсөлтөөс үүдэж, хэрэг маргаан нэмэгдэж буй ч шинэчлэл хийгдээгүй. Учир нь сүүлийн жилүүдэд орчин нөхцөлөө сайжруулах төсөв батлагдаагүй гэх. Уг байр зургаан шүүх танхимтай. Угаас хүрэлцээ муу эдгээрийн танхимууд тав нь хэт жижиг. Бид эл сурвалжилгын үеэр уг шүүхийн дөрөвдүгээр танхимд орж үзэхэд шүүгч, хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн ширээ зай талбайгүйн улмаас хэт ойр байрласан. Ширээнүүдийн дундуур нэг нь хажуу талаараа алхаж гарах боломжтой бөгөөд бүх ширээ нь ганц хүн суухад зориулагдсан аж. Мөн энд агааржуулалтыг бол дурсаад ч хэрэггүй биз.

 

      Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчинд MNS стандартыг мөрддөг. MNS 5027:2001 стандартад заасанчлан нэг хүнд ногдох талбайн хэмжээ 6 мкв, эзлэхүүн нь 20 м кубээс багагүй, цагт нэг хүнд 30 м куб агаар шаардлагатай гэж заасан байдаг.

 

Гэвч Монгол Улсын шүүхээр үйлчлүүлж буй нэг хүн 2 кв.м хүрэхгүй талбайг шүүхийн ажилтнуудтай хувааж ашигладаг.

 

      Нийт шүүхийн байрны 41 тамгын газар 43 конторын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 8 шүүхийн тамгын газар түрээсийн байранд байрладаг. 41 тамгын газар 43 конторын барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 8 шүүхийн тамгын газар түрээсийн байранд байрлаж байна.

 

 

       Түүнчлэн дийлэнх шүүхүүд зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын зай талбай багатай барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгааны тоог нэмэгдүүлэх боломжгүй болж, хэргийн оролцогчид өмнөх шүүх хуралдаан дуусах хүртэл хүлээх, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хугацаа хэтрэх, шүүхийн үйлчилгээ доголдох нөхцөл байдал үүсдэг аж.

 

Энэ талаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдлийг сонсоход,

  • Шүүх маш их ачаалалтай. Зай талбай багатай. Шүүхийн туслах гэж 10-аад хүн жоохон зайд бүгд зэрэгцээд сууж байдаг. Ийм нөхцөлд энэ хүмүүс ажлаа явуулах гээд хичээгээд сууж байдаг юм байна. 30,40 жилийн өмнө л Хан-Уул дүүргийн шүүх гэж ийм газар байсан. Одоо ч хэвээрээ. Ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, орж ирж байгаа хүмүүсийн цаг завыг бодолцож шүүхийн байрыг янзалж өгөх болсон байна гэж бодож байна.
  • Хэрэг маргаан олширч шүүхэд хандах иргэдийн тоо нэмэгдсэн ч ажиллах хүний тоо нэмэгдэж, ажиллах орчин шинэчлэгдсэн юм байхгүй. Тиймээс танхим хүрэлцэхгүй шүүх хурал хойшлогдож, хүн хүч дутмаг байдлаас үүдэж хэрэг маргаан удааширч байна гэж бодож байна.

 

      Мөн энэхүү шүүхийн шүүх танхим нь иргэдийн эрхийг зөрчиж байгаагаас гадна. Хүний заяагдмал эрхийг хангах боломжгүй. Уг шүүхийн нойл эр эм хоёр тасалгаатай. Хоёр хүн зөрөх ямар ч боломжгүй. Мөн нэг шүүх хуралдаанд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч, хариуцагч зэрэг 10 орчим хүн оролцдог. Гэхдээ нэг хүнд 2 м.кв талбай ноогдож байгаа ч тухайн танхимд буй тавилга,сандал ширээ байрлуулсан хэсгийг хасвал нэг хүнд 1 кв.м ч хүрэхгүй талбай ногдож байгаа юм. Ийм нөхцөлд шүүх хуралдаан дунджаар хамгийн багадаа 40-90 минут үргэлжилдэг.

 

 

      Ийм нөхцөлд иргэд маргаанаа шийдүүлэх гэж тав тухгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй эрсдэлтэй орчинд үйлчилгээ авч байна. Гэтэл Шүүх засаглал гэдэг дөрөв дахь засаглал, энэ газарт олон хүний хэрэг хянан шийдвэрлэгддэг. Мэдээж эвээр яриад болох эелдэг хүмүүс ирэхгүй шүү дээ. Тиймээс шүүхийн орчин нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг өмгөөлөгч мөн онцолж байсан юм.

 

      Тэрбээр, "Ер нь хурлын заалнууд жижигхэн. Шүүхийн орчин зайгүй. Жишээ нь шүүхийн коридорт өмгөөлөгчид хэргээ аваад танилцах ширээ ч байхгүй байна. Хувцасны өлгүүл, нойлоос эхлээд орчин нөхцөл хүнд байдаг. Эвийн журмаар асуудлаа шийдэж чадахгүй хүмүүс л шүүхээр ирдэг. Гэтэл иргэдийн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч нарын сууж байгаа орчин хоорондоо ойрхон байрладаг. Хүмүүс жам ёсны эрх зүй буюу уураа дийлэхгүй зөрчил гаргах тохиолдол байдаг. Энэ нь суудлын хэт ойр байдлаас болж улам нэмэгддэг" гэсэн юм.

 

 

      Хамгийн нийт шүүхийн танхимд бага насны хүүхдээс санал авах өрөө байдаггүйн улмаас хүүхдүүд шүүх танхимд оролцож санал өгсөн хүүхдүүд уйлах, хашхирах гэхчлэн сэтгэл зүйн цочирдож, хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөөр байдаг аж. Мөн шүүх танхим агааржуулалтгүйгээс үүдэж хурлын үеэр хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж байсан тохиолдолд ч энэ шүүхэд гарч байжээ.

 

      Энэ талаар ХУД-ийн ИХАШШ-ийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг "Хан-Уул дүүрэг 2022 онд найман мянга гаруй хэрэг хүлээн авч, таван мянга гаруй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий стандартад нэг шүүгч жилд 200 гаруй хэрэг шийдвэрлэх боломжтой гэж заасан байдаг. Харин манай Хан-Уул дүүргийн хувьд нэг шүүгчид 1000 гаруй хэрэг ноогдож байгаа.

 

Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байгаагаас үүдэж, иргэд шүүхэд итгэх итгэлгүй болж байна. Мөн дүүргийн онцлогоос шалтгаалж, Хан-Уул дүүргийн хэрэг маргааны төрөл нь ээдрээ төвөг ихтэй байдаг.

 

       Бас нэг эмзэглэмээр зүйл нь гэр бүлээ цуцлуулах гэж буй гэр бүл шүүхээр гэр бүлээ цуцлуулахад хуулиараа долоо хүртэлх насны хүүхдийн саналыг авахаар зохицуулсан байдаг. Гэтэл өнөөдөр нийт шүүхийн байранд хүүхдийн санал авах өрөө байдаггүй. Бүрдүүлэхэд хэцүү. Тиймээс шүүхийн танхимд хүүхдийн саналыг асуухаар хүүхэд айж, цочно. Бага насны хүүхэд учир эрх зүйн байдал нь дордож хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүс, даралт нь ихэсдэг бие муутай хүмүүс байна. Шүүхийн агааржуулагчгүй жижиг танхимд олон хүн суудаг учраас ухаан алдаж түргэнээр хүртэл явж байсан тохиолдол бий" хэмээсэн юм.

 

        Бид өмнө нь мөн шүүхийн байрны орчин нөхцөлийн талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Гэвч өнөөдөр эл шүүхүүдэд савангийн тавиураас өөр шинэчлэл хийгдсэнгүй. Иргэд гомдлоо хэлж, хэвлэл иргэдийн эрхийн зөрчлийг мэдээлэв ч төрийн мутар хармаандаа хэвээр. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн ам өдгөө 50-100 жилийн настай хэдэн байрандаа үйлчилгээ авч, төрийн алба хаагчид эрсдэлтэй орчинд ажиллаж байхад төр өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиа л хэлэлцэж, заалт нэмэв.

 

Сэтгүүлч: О.Соёлмаа

Эх сурвалж: isee.mn