Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.03.28) болж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн 2, тэтгэвэрт гарах эрх үүсэж хүсэлтээ гаргасан 1 шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

           Мөн  ”Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх журам”-д заасны дагуу албан ажлын зайлшгүй шаардлагаар шүүгч шилжүүлэн томилуулах орон тооны зарын дагуу 10 ба түүнээс дээш жил ажилласан 5 шүүгч зөвшөөрөл ирүүлснийг хэлэлцсэн юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулгыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндуламыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонгыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 4 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо. 

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссын саналыг үндэслэн Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ангирмааг тус шүүхийн Тамгын газрын даргаар томилов.

           Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газар 3 байршилд байрлаж үйл ажиллагаа явуулдаг. ХУД-ийн ЗДТГ-ын хуучин барилгад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архив, захиргааны 50 гаруй албан хаагч байрлан ажиллаж байна. Актлагдсан тус барилгыг нураах шийдвэрийг дүүргийн ИТХ-аас гаргасантай холбогдуулан дээрх шүүхийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсээд байна. Энэ талаарх танилцуулга мэдээллийг сонсож, холбогдох нэгжид шуурхай арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо.

Хэвлэл мэдээллийн хэлтэс