Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор  2025 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд  зохион байгуулж байна.

 

 

   Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг тэргүүтэй гишүүд, ажлын албаны удирдлагууд, холбогдох газар, нэгжийн төлөөлөл, Канад Улсаас Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Дэд комиссар Эрролин Хамфрис, Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Бритиш Колумбийн шүүгч, Үндэсний шүүхийн хүрээлэнгийн Ерөнхий шүүгч-Захирал Том Крабтри, Комиссарын газрын олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Үр дүнд суурилсан менежментийн зөвлөх Ян Моррисон нар оролцож, шүүхийн бодлого, бүтэц, цахимжилт, ил тод байдлын талаар илтгэл тавьж, туршлага, санал бодлоо солилцов.

 

 

 

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Үүний дараа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам 2024 оноос хойш Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагааг танилцуулав.

 

 

 

      Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын шүүхийн тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хамтран хийхээр Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газар хариуцан, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран 2025-2030 оны хооронд 5 жилийн хугацаанд “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” (EJAM) хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээр хүрэлцэн ирсэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлж, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд хийсэн эрх зүйн томоохон шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудыг зочдод танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх комиссарын газартай хамтран “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг 2022-2024 онд амжилттай хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдлаа. Тухайлбал, “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” Олон Улсын бага хурлыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулж, хууль, шүүхийн салбарын бүх талын оролцоог хангахад анхаарч, олон талаас бодит судалгааны дүн, дүгнэлтэд үндэслэсэн хэлэлцүүлэг өрнүүлэн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад чиглэгдсэн бодитой ажлын эхлэл болсон төдийгүй шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, эрх мэдлийн байгууллагуудын ойлголтыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсон, Канад зөвлөхүүдтэй хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэг, шүүгчдийн холбооны бодлого, үйл ажиллагаа, нийгмийн хэрэгцээнд үндэслэн Шүүгчдийн холбооны дэргэд Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгуулж, тус хорооны үйл ажиллагаа нь жигдрэн шүүгчдэд зөвлөн туслах ажил амжилттай хэрэгжиж байна. Мөн төслийн хүрээнд “Шүүгчийн ёс зүйн гарын авлага”, “Улс төрчдөд зориулсан гарын авлага”, “Сэтгүүлчид болон иргэдэд зориулсан шүүхийн мэдээллийн гарын авлага”, “Шүүхийн сэтгүүл зүйн хөтөч” “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” зэрэг 5 төрлийн гарын авлагыг тус тус боловсруулан хэвлүүлж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, 2024 оны орон нутгийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцсон улс төрчид, сэтгүүлчид, хуульч, судлаачдын судалгааны гарын авлага болсон зэрэг өмнөх төслийн үр дүнг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаа улам өргөжиж, урт хугацааны төсөл хэрэгжих болсонд талархалтай хүлээж авч буйгаа илэрхийллээ.

 

 

      Хэлэлцүүлгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, гишүүн А.Насандэлгэр  “Шүүх байгуулах асуудал, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлт”, гишүүн Р.Онончимэг  “Шүүхийн цахимжилт”, гишүүн Н.Баасанжав “Шүүхийн нээлттэй, ил тод байдал” сэдвээр Шүүхийн хөгжлийн бодлого, шинэчлэл, цахимжилт, ил тод байдлын талаар  илтгэл тавилаа.

 

 

 

 

 

      “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зорилго, хэрэгжүүлэх арга хэлбэр, хамрах хүрээ, үндсэн үйл ажиллагаа зэргийг канадын зочид төлөөлөл танилцуулж, дэд үйл ажиллагааг шат дараалалтай уялдуулан хэрэгжүүлэх санал, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэж, дараагийн алхмуудыг тодорхойлон, хариуцах ажилтан албан хаагчдыг томилох зэрэг тодорхой шийдвэрүүдийг үдээс хойших уулзалтуудаар гаргах юм.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн  гишүүн Д.Зүмбэрэллхам өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн ач холбогдлыг  дүгнэж,  үйл ажиллагаа өндөрлөнө.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ