Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулалт, томилгооны үйл явц өрнөж буй энэ үед шийдвэр гаргагчид болон салбарын оролцогчдод мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилготой “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2025.11.12) боллоо.


Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форумаас хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн бөгөөд хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, “Оюуны Инноваци” ТББ-ын төлөөлөл, шүүгч, хуульч, судлаачид оролцов. Хэлэлцүүлгийг “Шүүгчийн сонгон шалгаруулалт” болон “Шүүхийн нөөц, төсөв төлөвлөлт” гэсэн хоёр үндсэн сэдвээр явуулж, үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж, асуулт, хариулт өрнүүлэв.

“Оюуны Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга эхний сэдвийн үндсэн илтгэлийг тавьж, шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг хангах талаар судалгааны үр дүн, санал дүгнэлтээ танилцуулав. Тус илтгэлээр нэгдүгээр панел хэлэлцүүлгийг хийж, “Оюуны Инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд чиглүүлж, шүүгчийн сонгон шалгаруулалтын зарчим, процесс, дүрэм, журмын хэрэгжилт, цаашид анхаарч сайжруулах асуудлаар оролцогчид санал бодлоо солилцов. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн нь хуульч байх нь зохистой гэх саналыг панелистууд дэвшүүлж байлаа.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн судлаач Ж.Алтансүх, “Шүүхийн нөөц, төсөв төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, шүүхийн санхүүжилт, хуваарилалт, хүний нөөцийн үр ашигтай төлөвлөлт, санхүүгийн хараат бус байдлын талаарх судалгааны дүгнэлтээ танилцуулав. Тус илтгэлээр хоёрдугаар панел хэлэлцүүлгийг хийж, чиглүүлэгчээр Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, хуульч, судлаач Н.Отгончимэг, Г.Цагаанбаяр нар панелистаар оролцож, шүүхийн захиргааны ил тод байдал, төсөв төлөвлөлтийн үр нөлөөг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдөв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ