Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд эрх зүйн актыг ворд файлаар баталгаажуулах /word tool/ модуль алдаа заасантай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр систем хэвийн үйл ажиллагаанд орох хүртэлх хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудад Хэргийн хөдөлгөөний хяналтын журмын 4.2 дугаар зүйлийн 4.2.4-т заасан үнэлгээ хийх үе шатыг хойшлуулахаар шийдвэрлэв.
- Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем, шүүгчийн хүний нөөц, цаг бүртгэлийн системүүдэд хийгдсэн сайжруулалт болон аюулгүй байдлыг хангах, дэвшилтэд технологид суурилсан хөгжүүлэлт хийх төлөвлөгөөг танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхээр тогтов.
- Нэр бүхий шүүгчээс ирүүлсэн "... цахим орчинд шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээж, шүүгчийн хараат бус байдал, нэр хүндэд халдсан ..." тухай хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэв.
- Олны анхаарал татсан хэргийг шийдвэрлэх үед шүүхийн Тамгын газраас мэдээлэл өгөх зөвлөмжийн төслийг танилцууллаа.
- Шүүхийн ерөнхий зөвлөл Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргыг тус тус томилов
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ