Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 40 дүгээр тогтоолоор “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан тус зөвлөлийн 2022 оны 76 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”, хавсралт маягтын загваруудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Аргачлалын нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус шинжээч оролцуулах эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицууллаа. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэг шалгалтын сорилын тоо 80, үүнээс Үндсэн хуулийн эрх зүйн асуултын тоо 30, материаллаг эрх зүйн асуултын тоо 30, процессын эрх зүйн асуултын тоо 20 байхаар тогтоолоо. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн шалгалтын оноо 30 хүрсэн эсэхийг мэдэгдэхээр шийдвэрлэв.

 

  • “Бодлогын шийдэл” ТББ-ын гаргасан “Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны тайлантай танилцав. Тус судалгааны Монгол Улс дахь авлигын шалтгаан нөхцөл бүлэгт тусгагдсан “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институт” хэсэгт шүүх эрх мэдлийн байгууллага тэргүүлсэн нь шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой албан ёсны статистик мэдээнд тулгуурласан судалгаа бус, зөвхөн 3 түвшний (судлаач шинжээч, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагч, иргэд) 14.000 хүнээс авсан шүүхийн талаарх төсөөллийн санал асуулгад үндэслэснийг онцолсон. Иймд иргэд, олон нийтийн шүүхийн талаарх төсөөллийн судалгааны үр дүнг шинжлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болов.

 

  • Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн Ажлын хэсгийн тайлан, болон нэр бүхий шүүгчээс ирүүлсэн хүсэлттэй холбоотой хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэв.

 

  • Шүүхийн захиргааны ажилтны эдийн засгийн баталгааг хангахтай холбоотой хэлэлцэх асуудалд судалгаа хийлгэхээр хойшлуулав.

 

  • Шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг биелүүлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдээлэхээр шийдвэрлэв.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ