Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг 2026 оны IV улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

 

Тус тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаар ахлуулсан Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэн, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын  ахлах мэргэжилтэн Б.Баясгалан, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн архивын улсын үзлэг хийж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, гишүүн Ч.Баянжаргал, гишүүн О.Жанчивнямбуу,  Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн тусгай архивын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ш.Отгонцэцэг нар хүлээн авлаа.

      Төрийн архивын улсын үзлэгээр Монгол Улсын нийт 37 төрийн архивыг хамруулж, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, бодлого, стандарт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилт, 2022-2026 оны архивын үйл ажиллагааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм.

Ажлын хэсэг “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын 6 үндсэн асуудлын хүрээнд 68 үзүүлэлт бүхий 271 шалгуураар архивын үйл ажиллагаанд үзлэг хийж, төрийн архивын шалгалтын цахим системээр үнэлнэ.

Улсын үзлэгийн нэгдсэн дүн мэдээг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ