Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулж, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

 

 

Сургалтын хаалтын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу, Х.Эрдэм-Ундрах болон сургалтад хамрагдсан оролцогчид, сургагч багш нар оролцлоо.

 

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Монгол Улсын шүүхийн тогтолцоонд нэгэн чухал шинэчлэлийн эхлэл тавигдаж байна. Богино хугацаанд та бүхний үндсэн мэргэжилд тулгуурлан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнээр ажиллах суурь чадамжийг олгох анхан шатны сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Хорь хоногийн хугацаанд өөрсдийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургагч багш нартаа талархал илэрхийлье. Шүүхийн тогтолцоонд, тэр дундаа гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шинэ хуудас нээж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалан ажиллах мэргэжилтнүүддээ амжилт хүсье” хэмээн онцлов.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх Ажлын хэсгийг ахлан ажилласан бөгөөд сургалтын  хөтөлбөрийг 25 багш хамтран 23 сэдвийн хүрээнд боловсруулж, нийт 14 модуль, 15 багц цаг буюу 120 академик цагийн сургалтыг зохион байгуулсан юм.

 

Сургалтад нийт 42 оролцогч хамрагдсанаас ярилцлагын аргаар авсан шалгалтаар 60-аас дээш оноо авч, тэнцсэн 34 оролцогчид “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” гэрчилгээ гардууллаа.

 

Энэхүү сургалт нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх, хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, судалгаанд үндэслэн мэргэжлийн тайлан боловсруулах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэв.

 

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах, шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх, нөхцөл байдлын шинжилгээ явуулах, судалгааны үр дүнд үндэслэн мэргэжлийн тайлан боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.  Түүнчлэн хүүхэд, өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэрэгт тухайн хүүхдийн амьдралын нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судалж, шүүхийг шаардлагатай мэргэжлийн мэдээлэл, дүгнэлтээр хангах юм.

 

Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэх бус, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, амьдрах орчин, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг цогцоор нь харгалзан үзэх боломж бүрдэнэ.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ